Далай ламын айлчлал Хятад-Монголын эдийн засгийн харилцаанд нөлөөлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-11-21 11:45:23

БЭЭЖИН. /GlobalTimes/. XIV Далай ламын Монголд хийж буй айлчлал Хятад-Монголын харилцааг хөндийрүүлж болзошгүй боловч хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал 4.2 тэрбум долларын зээл олголтын талаарх хэлэлцээ хэвийн үргэлжилнэ гэж шинжээч хэллээ.

Далай ламын Монголд хийх дөрвөн өдрийн айлчлал баасан гарагт эхэлсэн юм. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдэд сүсэгтнүүдэд хандан үг хэлсэн.

Далай ламын айлчлал нь улс төрөөс ангид, “цэвэр шашин номын зорилготой" бөгөөд айлчлалын явцад Монголын албаны хүмүүстэй ямар ч уулзалт хийхгүй гэж АП агентлаг баасан гарагт мэдээлсэн юм.

4.2 тэрбум долларын зээл авахаар Монголын тал Хятад улстай хэлэлцээ хийж байгаа энэ үед Далай лам айлчилж байна.

Үүнтэй холбоотойгоор Хятадын Хармөрөн муж дахь Нийгмийн ШУА-ийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгийн захирал Да Жыган хэлэхдээ “БНХАУ болон Монгол Улсын “Бүс ба Зам” санаачилгаар бий болгосон олон талт харилцаанд Далай ламын Монголд хийж буй айлчлал нөлөөлөх нь тодорхой” гээд “Түвдийг Хятадаас салган тусгаарлахаар оролдсоор байгаа энэ хүний айлчлалыг “цэвэр шашны зорилготой” гэж  тодорхойлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэлээ.

Гэхдээ тэрбээр “БНХАУ болон Монголын хоёр талын хамтын ажиллагаа, тухайлбал зээл болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвас бий болгох ажил үргэлжилдгээрээ үргэлжлэх болно" гэж цохон тэмдэглэлээ.

Тэрбээр хэлэхдээ “АНУ, Умард Солонгос болон Японтой сайн харилцаатай байж, Зүүн Хойд Азид чухал үүрэг гүйцэтгэж буй Монгол Улстай БНХАУ найрсаг харилцаагаа хадгалах хэрэгтэй. Тиймээс Далай ламын айлчлалаас шалтгаалан Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй л болов уу?” гээд “эдийн засгийнх нь хөгжил Хятад улсаас ихээхэн хамааралтай учир Монголын тал ч мөн адил Далай ламын айлчлалыг ашиглан хоёр улсын харилцааг сэвтээх үйлдэл хийхгүй байх” гэв.

Г.Доржханд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

関連ニュース