Австралид “thunderstorm asthma”-гийн улмаас зургаан хүн нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДМЕЛЬБУРН. /ВВС/. “Тhunderstorm asthma” хэмээх ховор төрлийн багтраа өвчний улмаас Австралийн Мельбурн хотод ням гарагийн байдлаар зургаан хүн нас баржээ.
Мөн гурван хүний биеийн байдал хүнд байна.
Тус улсын Виктория мужид өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас олон мянган хүний харшил болон багтраа өвчин сэдэрчээ.
“Тhunderstorm asthma” /Аадрын багтраа/ гэдэг нь хаврын улиралд хөх тариа чийг авч, тарианы тоосонцрууд хүний уушгинд орсноор амьсгалахад хүндрэл учруулдаг өвчнийг хэлдэг аж.
Энэ үзэгдэлтэй холбоотойгоор 8000 гаруй хүн эмнэлэгт хандсан байна.
Австралид 10 хүн тутмын нэг нь багтраа өвчтэй байдаг бөгөөд ийм өвчтэй хүмүүсийн 80 орчим хувь нь ямар нэгэн харшилтай, ялангуяа хөх тарианы харшилтай байдаг аж.
Тус улсад одоо хавар болж байгаа бөгөөд багтраа өвчин болон харшлын "оргил үе" эхэлж байна
Г.Доржханд