Хөгжмийн зохиолч Ш. Батсайхан 4 дэх бие даасан тоглолтоо хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-06 17:21:26

Ганга нуур, Тэнгэр ээж минь өршөө, Үлэмжийн сайхан хорвоо зэрэг Сүхбаатарчуудын төдийгүй Монголчуудын дуулах, сонсох дуртай дуунуудыг зохиосон, хөгжмийн зохиолч Шинэнбалжийн Батсайхан өөрийн даасан тоглолтоо хийх гэж байна.

Сүхбаатар нутаг бол уужим саруулхан тал нутагтай. Тэр ч утгаараа миний уран бүтээлийн хөг аялгуунууд нутгийнхаа энэ онцлогийг харуулсан уянгалаг яруу байдаг. Ер нь ганц дуу төдийгүй хөгжмийн найруулга, хөгжмийн гоцлол аялгуунд ч ийм өнгө аяс шингэсэн байдаг хэмээн хөгжмийн зохиолч Ш.Батсайхан хэллээ.

Ш.Батсайхан нь боловсрол, соёлын салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаас өндрөөр үнэлж Ардын боловсрлын тэргүүнийн ажилтан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнуулсан байдаг. 1998 онд анхны бие даасан тоглолтоо хийж байсан бол дөрөв дэх бие даасан тоглолтоо Сэтгэлийн аялгуу нэртэйгээ үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэлээ хангаж байна. Тоглолтонд 200 орчим уран бүтээлчид оролцоно, тоглолтын 40 орчим хувьд нь дандаа шинэ уран бүтээл тоглогдох юм байна.

Тэрээр нь одоогоор Баруун-Урт сумын 3-р БДС-д дуу хөгжмийн багшаар ажилладаг. Сургуулийн удирдлага, хамтран ажиллагсад нь түүнийг мэргэжилдээ чадварлаг, заах арга барил сайтайгаас гадна дуу хөгжмийн хичээлээр дамжуулан хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд маш их эерэг нөлөө үзүүлж чаддаг гэдгийг онцолж байлаа.

Тоглолт 2016 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Жаахан шарга театрт болно. Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, 3-р БДС, Жаахан шарга театр ажиллаж байна.

Т. Одончимэг

関連ニュース