Шуурхай бүлэг Бичигтийн боомт руу хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол адууг амьдаар нь хил гаргахыг хориглосон Монгол Улсын Шадар сайдын тушаал гарч, хэрэгжиж эхэлсэн. Гэтэл өчигдөрхөн Сүхбаатар аймгийн Бичигт боомт дээр адуу олноор үхлээ гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан. Тиймээс энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Т. Амарбаатараас тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ “Бичигт боомт дээр яг хэдий тооны адуу үхсэн талаарх мэдээлэл одоогоор тодорхой ирээгүй байна. Ямартай ч аймгийн засаг даргын захирамж гарч шуурхай бүлэг байгуулан Эрдэнэцагаан сум Бичигтийн боомтод хоёр хоног ажиллах гэж байна. Монгол Улсын шадар сайдын болоод МХЕГ-ын даргын үүрэг чиглэл ирсэн. Үүний дагуу Бичигт боомт дээр зөвшөөрөлгүйгээр адуу тээвэрлэж очсон асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, мөн үхэж үрэгдсэн адуу байвал түүний сэг зэмийг булж устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийх, тэнд байгаа олон тооны машиныг цэгцэлж буцаах, байгаа адуунуудыг нь татах ажлыг зохион байгуулахаар одоо явах гэж байна. Тус боомт дээр адуунаас гадна өвсний асуудал байгаа. Үүнийг мөн газар дээр нь шийдвэрлэх, гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах зурвас татах, хадлангийн чиглэлээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан газруудад арга хэмжээ тооцох зэрэг асуудлуудыг давхар шийдвэрлэх болно” гэлээ.
Шуурхай бүлэгт мэргэжлийн хяналтын болон мал эмнэлэг, байгаль орчны газрын улсын байцаагч, ХАА-н мэргэжилтнүүд, ”мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн албаныхан, аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газар, Эрдэнэцагаан сумын засаг даргын зөвлөл, сумын цагдаагийн хэсгийн бие бүрэлдэхүүн багтжээ.
Т. Одончимэг