Б. Тэгшбаяр Оны шилдэг тамирчинд өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Дугуйн залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Б. Тэгшбаяр 2016 оны шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.
Түүний гаргасан хамгийн анхны том амжилт гэвэл Дугуйн залуучуудын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн TRACK-ийн бөөн гараат 10 км-ын төрөлд оролцож, алтан медаль хүртсэн. Энэ төрөлд нийт 40 орны шилдэг нэг нэг тамирчин өрсөлдсөнөөс Чех, Италийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэн болж байсан юм. Энэ нь Монголын Дугуйн спортын түүхэнд гаргасан хамгийн том амжилт байлаа.
Түүний хувьд дөнгөж 18 настай бөгөөд дугуйн спортын төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсон юм.
Үүнээс гадна тэрээр энэ онд оролцсон тэмцээнүүдээс нийт 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Тодруулбал: "Prix cycliste de Marchaux" 98 км-ийн тэмцээнд дараалан түрүүлсэн, аравдугаар сард Францын аварга шалгаруулах засмал замын бөөн гараатай 138 км, Швейцарын Ханан дугуйн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож энэ хоёр тэмцээнээс хос мөнгөн медаль хүртжээ. Мөн тэрээр аравдугаар сард Катарын Доха хотноо болох засмал замын дугуйн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон 28-р байрт орсон. Энэ бүх амжилтаараа 2016 оны Шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.
Түүнтэй Дэлхийн алдартай мэргэжлийн багууд хамтран ажиллах гэрээ байгуулахаар саналаа өгөөд байгаа юм.
Т. Одончимэг