20 орчим нэр төрлийн ахуйн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-09 15:00:04

Монгол Улсад үйлдвэрлэлийн  хоршоолол, ахуй  үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож байгаа. Сүхбаатар аймгийн ахуй үйлчилгээний салбарын хамт олон энэ өдөр баяраа тэмдэглэж байна.

Сүхбаатар аймагт үсчин, гоо сайхан, ахуйн электрон хэрэглэлийн засвар, зурагт, гар утас засвар, хувцас захиалга, гутал захиалга, түлхүүр олшруулах үйлчилгээ, нүдний шил захиалга засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн дархан, гэр ахуйн мод болон төмөр эдлэлийн үйлчилгээ, гэрэл зураг, халуун ус, хими цэвэрлэгээ, авто машин угаалга, авто дугуй засвар гээд 20 орчим нэр төрлийн  үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Аймгийн шинэ удирдлагууд ирэх 4 жилд хоршоог улам боловсронгуй болгон хөгжүүлэх, сүм бүрт нийтийн аж ахуй үйлчилгээний төвийг байгуулах, эрчимсэн мал аж ахуй, гахай, тахиа, сүүний фермер, малын эрдэст тэжээл болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, хүнсний боловсрулах жишиг загвар үйлдвэрийг байгуулах, хамгийн гол нь аж ахуй нэгж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд суурь үнийг үндэслэлгүйгээр өсгөхгүй байх, цаашид бууруулах боломжийг судлах тал дээр анхаарч ажиллана хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ш. Мандахнар хэллээ.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоршооны чиглэлээр 2009-2015 оны хооронд Сүхбаатар аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 21 хоршоонд нийт 400 орчим сая төгрөгийн санхүүжилт олгож, 100 орчим ажлын байрыг хадгалан үлдэж, 60 гаруй шинэ ажлын байр бий болгосон байна.

Тэгвэл Монгол Улсын хэмжээнд 2500 гаруй анхан шатны хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хоршоод үйлдвэр үйлчилгээгээрээ жилд 30 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 60 мянга орчим хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Т. Одончимэг

関連ニュース