М.Лувсанданзан: Пауэрлифтингийн төрлөөр хичээллэдэг хүн Сүхбаатар аймагт бараг байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-12 13:58:43

ОХУ-ын Москва хотноо 11 дүгээр сарын 15-20-нд болсон "RAW" пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Сүхбаатар  аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч  М. Лувсанданзан мөнгөн медаль хүртэн, өнөөдөр төрөлх нутагтаа ирлээ.

Тэрээр залуучуудын -82,5 кг-ын төрөлд нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн байна. Энэ нь пауэрлифтингийн төрлөөр Сүхбаатар аймгийн биеийн тамир, спортын түүхэнд гаргаж буй хамгийн анхны амжилт юм. “Пауэрлифтингийн спортыг орон нутгийн хүмүүс тэр бүр мэддэггүй, энэхүү төрлөөр хичээллэдэг хүн ч бараг байдаггүй. Сүхбаатар аймагт ганцхан би байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Хүмүүс үүнийг хүндийн өргөлт гэж ойлгодог. Гэхдээ энэ бол хүмүүсийн мэдэх хүндийн өргөлтөөс тэс өөр зүйл. Би өөрийнхөө сонирхлын дагуу хичээллэдэг. Гэхдээ энэ удаагийнхаа амжилтад урамшсан учир цаашид олон олон тэмцээн уралдаанд орохоор төлөвлөж байна” хэмээн тэрээр ярьж байна.

М.Лувсанданзан нь МУБИС-ийг Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. Одоогоор Сүхбаатар аймгийн ОБГ-ын харьяа Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангид алба хаадаг, дэд ахлагч цолтой.

Мөн энэхүү тэмцээнээс ШШГЕГ-ын Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга, дэд хурандаа, спортын мастер З.Мөнх-Эрдэнэ мастер 1 ангиллын -100 кг-д нийлбэр өргөлтөөр алтан медаль хүртсэн байна. Түүний хувьд Хэнтий аймгийн уугуул бөгөөд албан томилолтоор Сүхбаатар аймагт ажиллаж  амьдарч байгаа юм. Сүхбаатар аймагт  ирсэнээсээ хойш пауэрлифтингийн спортыг залуучуудад сурталчлан таниулж, М. Лувсанданзанг бэлтгэж эхэлсэн байна.

Т. Одончимэг

関連ニュース