Хилийн бүс нутагт 28 мянга орчим тонн өвс нөөцөлсөн байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-13 16:36:58

Аймгийн Засаг даргын 2016 оны А/393 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Эрдэнэцагаан сумын "Бичигт" хилийн боомтод ажиллах үедээ боомтын ойр орчимд өвс их хэмжээгээр нөөцөлж, БНХАУ-ын хил рүү гаргахаар бэлтгэсэн асуудалд мөн хяналт тавьж ажилласан байна. Шалгалтаар 13 аж ахуйн нэгж, иргэний нийт 27373 тн өвс боомтын хил орчмын бүс нутагт нөөцөлсөн болохыг тогтоожээ. МХЕГ болон бусад холбогдох газруудаас үүрэг чиглэл авсаны дараа нөөцөлсөн өвсийг яах эсэхийг шийдвэрлэх юм байна.

Хилийн бүсэд өвс буулгах зөвшөөрлийг Эрдэнэцагаан суман дахь Хилийн 0146 дугаар ангиас авсан нь хууль дүрэмтэй зөрчилдөж байгаа юм. Түүнчлэн өвс тэжээл хадгалах Монгол Улсын стандарт норм дүрмийг зөрчсөн, нуруу хоорондын зай хэмжээ алдагдсан, ахуйн гал түймрийн аюулгүй байдлыг хангаагүй, үнс нурмаа ил задгай асгасан, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байхгүй, хилийн бүс нутагт өвс хураах зөвшөөрөл хугацаа дууссан зэрэг зөрчилтэй байгаа юм.

“Бичигт” боомтоор өвс гаргах зөвшөөрөл, эрхийн бичиг олгоогүй атал их хэмжээний өвс хурааж нөөцөлсөн, төрийн хараа хяналтгүй, тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан байхгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс сум орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, хил орчмын бүс нутагт тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай хэмээн ажлын хэсэг дүгнэж байна.

Өвс хураасан 13 аж ахуй нэгж, иргэнд галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар заавар зөвлөмж өгч ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж гал гаргахгүй байх баталгаа авчээ.

Т. Одончимэг

関連ニュース