“Шапекоэнсе"-гийн онгоцны осол хүний буруутай үйлдэлтэй холбоотой гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБОГОТА. /PrensaLatina/. Бразилын хөлбөмбөгийн “Шапекоэнсе” багийн олон тоглогчийн аминд хүрсэн нисэх онгоцны осол хүний буруутай үйлдлүүдийн улмаас болсон гэж Колумбын агаарын тээврийн албаны хүмүүс мэдэгдлээ.
Өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр болсон энэ ослын талаар шинжээчдийн хийсэн урьдчилсан дүгнэлт бүхий тайланг албаны хүмүүс өчигдөр танилцуулсан байна. Боливи улсаас хөөрсөн захиалгат нислэгийн онгоц Колумб улсын нутгийн төв хэсэгт уулархаг газарт осолдсоны улмаас 71 хүн, тэдний дотор 19 хөлбөмбөгчин амиа алдсан юм.
Шинжээчдийн тайланд “нисэх онгоцыг түлшээр дахин цэнэглээгүй нь нисгэгчийн алдаа байсан. Хоёрдугаарт, түлш багассаны улмаас хөдөлгүүрт асуудал үүссэнийг хэтэрхий оройтож мэдэгдсэн” гэжээ.
Мөн уг тайланд “энэ нисэх онгоц даац хэтрүүлсэн байсан. Боливийн холбогдох албаны хүмүүсийн зүгээс зөвшөөрөхөөргүй тийм нислэгийн төлөвлөгөөг гаргасан байсан" гэжээ.
Нисгэгч, нисэх онгоцыг эзэмшигч Боливийн компани болон нислэгийн төлөвлөгөөг баталсан Боливийн албаны хүмүүс энэ ослын хариуцлагыг хүлээх ёстой гэж уг тайланд онцлон тэмдэглэсэн байна.
Колумбын албаны хүмүүс энэ ослыг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж, ирэх оны дөрөвдүгээр сард тайланг эцэслэн гаргах ажээ.
Г.Доржханд