Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхэн өдрийг угтсан ажил өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож буй . Жил бүрийн эл өдрийг улс орон даяар Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж, Үндсэн хууль батлалцах үйл хэрэгт оролцож явсан Ардын их хурлын ахмад депутатуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Энэ дагуу Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан 25 жилийн ойг угтаж шинэлэг хэлбэрээр олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Төрийн албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Хэнтий аймгийн хэвлэл мэдээлийн ажилтнууд, сэтгүүлчдийн дунд "Ардчилсан шинэ үндсэн хууль ба Хан Хэнтий” сэдэвт илтгэл, хөрөг нийтлэлийн уралдааныг зарласан байна.
Мөн АИХ-ын депутатуудын ажил, амьдралын түүх, дурсамжийг өгүүлсэн “Төр түшилцсэн түмний элчүүд” номны нээлтийг нэгдүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулж, ахмад депутатууд хэвлэлийн бага хуралд оролцох юм.
Түүнчлэн энэ өдөр Монгол улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор Хэнтий аймгаас төрөн гарсан “Аймгийн арслан” цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг аймгийн Биеийн тамир спортын ордонд зохион байгуулахаар болжээ.
Д.Одонтунгалаг