Сүхбаатарын сэтгүүлчид нэгдэж, "Талын түрлэг" ТББ-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-09 12:36:18

Сүхбаатар аймгийн сэтгүүлчид өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулж, "Талын түрлэг" ТББ-ыг албан ёсоор байгуулан, өөрийн гэсэн уриа, лого, тамга тэмдэгтэй Монгол Улсдаа данстай байгууллагын тоог нэгээр нэмлээ.

Сэтгүүлчдийн анхдугаар чуулганд Сүхбаатар нутгийн гаралтай ч Улаанбатар хотноо ажллаж амьдарч байгаа болон нутагтаа ажиллан амьдарч байгаа 30 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

"Талын түрлэг" ТББ-ын тэргүүнээр үүсгэн байгуулагч Э.Ирэхбаяр, удирдах зөвлөлийн гишүүнээр таван хүнийг сонгосон юм. Мөн ТББ-ын дэргэд Turleg.mn сайтыг албан ёсоор ажиллуулж эхэллээ.

“Миний хувьд гурван жилийн өмнө анх фэйбүүк групп нээн мэргэжил нэгт нутгийнханыгаа нэгтгэж эхэлсэн. Энэ хугацаанд Сүхбаатар нутгийн гаралтай маш олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Монгол орны өнцөг булан бүрт байгааг олж мэдсэн. Тухайн үеэс эхлэн бүгд албан ёсоор нэгдэх юмсан гэсэн бодлыг тээж явлаа. Харин 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдар албан ёсоор нэгдэж, нэг  хамт олон боллоо. Бид энэ байгууллагаараа дамжуулан мэдээ мэдээллээ солилцох, бие биенээ дэмжихээс гадна хамгийн гол нь зөвхөн Сүхбаатар аймгаар хязгаарлагдах бус улсын хэмжээнд сайн эерэг зөв мэдээллийг  түгээж, сайн нөлөөллийн  ажлыг хийх болно...” хэмээн Талын түрлэг ТББ-ын тэргүүн Э. Ирэхбаяр хэллээ.

Чуулганы үеэр Сүхбаатар аймгийн уугуул, С1 телевизийн продфсеер Ч.Оюунгэрэл, Zaluu.com сайтын гүйцэтгэх захиарл Г.Учралсайхан нарыг Сүхбаатар аймгийн Хүндэт тэмдэгээр, Үндэсний шуудан сонины ерөнхий эрхлэгч С.Ононтуулыг аймгийн засаг даргын Жуух бичгээр, сэтгүүлч яруу найрагч Б.Төгсжаргал, Ч.Оюунгэрэл нарыг МСНЭ-ээс Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнан урамшууллаа.

Анхдугаар чуулганд МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг, УИХ-ын гишүүн асан М.Зоригт нар хүрэлцэн ирж баяр  хүргэн, амжилт хүслээ.

Т. Одончимэг

関連ニュース