“Үндсэн хууль ба Хан Хэнтий” сэдэвт уралдааны шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан "Ардчилсан шинэ Үндсэн хууль 25-Хан Хэнтий" сэдэвт илтгэл, хөрөг нийтлэлийн уралдааны оролцогчдыг шинэ Үндсэн хууль батлалцсан депутатууд дүгнэж, шагналыг гардууллаа.
Тус уралдаанд нийт 14 байгууллагын 45 төрийн албан хаагч, 7 сургуулийн 16 сурагч, 5 хэвлэл мэдээллийн байгууллагын 6 сэтгүүлч оролцсон юм.
Төрийн албан хаагчдын илтгэлээс тэргүүн байранд Үндэсний лаборатори Хэрлэн I сургуулийн Нийгмийн ажилтан Г.Уянга, дэд байранд Уламжлалт Анагаах Ухааны Төвийн хүний нөөцийн менежер Д.Алтансүх, гуравдугаар байранд аймгийн Хүний эрхийн Үндэсний комиссын ажилтан Д.Эрдэнбаясгалан, тусгай байранд Онцгой байдлын газрын эмч, сэтгэлзүйч Н.Дарьсүрэн нар шалгарсан бол ЕБС-ийн сурагчдаас тэргүүн байранд Үндэсний лаборатори Хэрлэн I сургуулийн 12в ангийн сурагч, 2016 оны Монгол улсын манлайлагч хүүхэд Б.Ундармаа, дэд байранд Хэрлэн 4-р сургуулийн сурагч н.Золзаяа, гуравдугаар байранд Мөрөн сумын ЕБС-ийн сурагч н.Анударь, тусгай байранд Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” ЦС-ийн сурагч Э.Эрболд нар тус тус бусдыгаа манлайллаа.
Харин хэвлэл мэдээллийн ажилтнуудаас тэргүүн байранд Өндөрхаан телевизийн сэтгүүлч А.Алтаншагай, дэд байранд Хэнтийн мэдээ сонины эрхлэгч, МонЦаМэ агентлагийн Хэнтий аймаг дахь сурвалжлагч Д.Одонтунгалаг, гуравдугаар байранд Тольдсуу сэтгүүлийн сэтгүүлч, МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Бат-Эрдэнэ, тусгай байранд Өндөрхаан телевийн захирал Ө.Одмаа нар тус тус шалгарч шагнагдлаа.
Энэхүү уралдааны зорилго нь 1992 онд батлагдсан Ардчилсан шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, мөн чанар, түүхэн гавьяа, Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудыг олон нийтэд таниулах, алдаршуулах, иргэд, Төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын Үндсэн хуулийн тухай үзэл бодол байр суурийг тодорхойлох, хуваалцах, Үндсэн хуулийг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд “Хэнтийгээ дэмжих”, “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох” бодлогын хүрээнд зохион байгуулж буй ажил байв.
Д.Одонтунгалаг