На.Пүрэв: Оньсого бол Монголын яруу найргийн сонгодог түлхүүр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн МЗЭ-ийн "Арвайн Хүрээ" утга зохиолын нэгдлийн дэргэдэх "Найргийн өд" яруу найргийн дугуйлангийн "Үзэгний дасгал" бүтээл МЗЭ-ийн 2016 оны шилдэг шагналыг авч, "Батламж" хүртсэн байна. Өвөрхангайн найрагч, зохиолчдын урмыг сэргээсэн энэхүү шагналын эзэн, Арвайнхүрээ нэгдлийн тэргүүн На.Пүрэвтэй уулзаж цөөн хором хөөрөлдлөө.
-Дугуйлангийн сурагчдын бүтээлээр Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал авч байсан түүх манай аймагт анх удаа боллоо гэж ахмад сэтгүүлч С.Мөнхдалай гуай хэллээ. Тиймээс тантай уулзаж, уншигчдынхаа хамтаар баяр хүргэх гэсэн юм.
- Өвөрхангай аймагт Утга зохиолын нэгдэл үүсч хөгжөөд 60 жил болж байгаа боловчиг энэ хугацаанд хойч ирээдүйг нь авч явах залгамж халаа олон жилийн зайтайгаар тасарч ирснийг “Өвөрхангайн утга зохиолын 60 жилийн товчоо”-г бичин түүх баримтжуулах гэж оролдож суухдаа ажигласан юм. Манай Өвөрхангай аймагт утга зохиолын салбар арав арван жилийн давтамжтай сэргэж ирсэн ч тэр арван жилийн дотор заавал нэг хүн аймгийнхаа нэрийг улс даяар дуурсгаж, алдар цолонд хүрсэн байдаг.
Харин 1990 оноос хойш утга зохиолын системтэй үйл ажиллагаа алдагдаж, уран бүтээлчид төрөх боловчиг зөвхөн өөрсдийнхөө мэдлэгийн тойрог, хязгаарт захирагдсан, нэг ёсондоо цагийг эзлэх насгүй бүтээлүүд гарах магадлал их болж ирсэн байна. Үүнийг ажиглаад Өвөрхангай аймгийн утга зохиолын салбарт залуу үеийг бэлдье гэх бодол төрсөн.
Ингээд аймгийн Төв номын сангийн захирал Л.Анхбаяртай хамтран Утга зохиолын дугуйланг 34 хүүхэдтэйгээр эхлүүлээд явж байна. Утга зохиолд сэтгэлтэй хүн авъяастай байдаг болохоор хүүхдүүдийнхээ сэтгэлийг хайрлаж, “Гомдоочихгүй юмсан, багшдаа битгий муу саначихаасай, багшдаа муу саначих юм бол цаашлаад утга зохиолыг ойлгох эдний сэтгэл сэвтэнэ шүү” гэсэн бодлоор хүүхдүүддээ их зөөлөн хандаж ирсэн л дээ. Гэсэн ч цагийн шүүлтүүрээр таван хүүхэд үлдэж, аймаг, орон нутаг, улсын чанартай тэмцээнүүдэд бүгдээрээ л тэргүүлж, шалгарлаа.
Оны өмнөхөн манай Удирдах зөвлөлийн гишүүд надад хандан хүүхдүүдийнхээ бүтээлээр ном гаргавал 2016 оны “Алтан-Өд” наадамд оролцох боломжтой болно гэсэн саналыг тавьсны дагуу аймгийн Засаг дарга, Боловсрол, соёлын газрын даргатай уулзаж, хүсэлт тавин санхүүгийн дэмжлэг авсан. Мөн манай хүүхдүүд уран бүтээлийн тоглолт хийн хөрөнгө мөнгө олсноор “Үзэгний дасгал” гэх энэ номыг хэвлүүлэн Алтан-Өд наадамд өрсөлдүүлсэн юм. Наадмын шүүгч нар “Өвөрхангай аймгийн Утга зохиолын дугуйлангийн хүүхдүүд мэргэжлийн яруу найргийн түвшинд бичиж байна. Наадамд ирсэн уран бүтээлүүдээс эдний бүтээл илт давуу байлаа. Тийм учраас энэ жилийн Утга зохиолын хорооны шагналыг Өвөрхангай аймгийн Утга зохиолын нэгдлээс гаргасан “Үзэгний дасгал” номонд олгоё гэж шийдвэрлэсэн байна.
“Алтан-Өд” наадмын дээд шагналыг авсандаа их баяртай байгаа. Энэ шагналыг аймаг, орон нутгаас очиж оролцсон уран бүтээлчид нэг их аваагүй юм билээ. Хэрийн хүнд ирдэггүй, уран бүтээлийн жин, хэмжүүрээр олгогддог, их босго өндөртэй шагнал.
-“Үзэгний дасгал” гэж их өвөрмөц нэр өгчээ. Үүний утгыг тайлбарлавал...
-Яруу найраг гэдэг бол хүний уураг тархи, сэтгэлгээний дасгал юм. Хүн булчин шөрмөсөөрөө биеийн тамирын дасгал хийдэг шиг оюун бодлоороо сэтгэлзүйн дасгал хийж болно. Тархинд бодогдоод цаасан дээр үг болж зурагдахаараа үзэгний дасгал болж байгаа юм.
Би өглөө бүр дугуйлангийн хүүхдүүдээрээ “Үзэгнийхээ чилээг гаргая, дасгалыг нь хийлгэе” гэж таван минутын шүлэг бичүүлдэг. “Үзэгний дасгал” номондоо хүүхдүүдийнхээ “Бороо” гэх дасгал шүлгийг оруулсан. Донровын Намдаг гуайн “Шөнийн бороо” гэх дууны үг бол Монголын яруу найргийн томоохон модерн шүлэггэж би боддог. Хаа байсан 30, 40-өөд оны үед дэлхийг таньж бичсэн шүлгүүд нь одоо ч цагаан тоосонд хуучрахгүй, дэлхийтэй мөр зэрэгцэн яваа Д.Намдаг гуайн шүлгүүд дотроос “Шөнийн бороо” шүлгийг нь татан авч, хүүхдүүдээрээ үзэгний дасгал хийлгэсэн юм.
- Шүлэг хуулахыг зааж өгөөд байгаа юм биш үү?
-Манайхан хуулбарлах, дуурайхыг буруу гэж үзээд байдаг. Аливаа юм дээрээсээ дуурайлалтай, тэрийгээ хатуу дагаж мөрдөх зоримог горимтой байж хөгждөг тал бас бий. Дархчууд гэхэд дариган хийц, боржигон хийц гэж ярьдаг шиг Монголын яруу найрагт Төв халхын хийц, Өвөрхангайн хийцийн шүлэг гэдгийг бий болгох гээд хүүхдүүдтэйгээ байнгын л дасгал хийж байна.
- Хүүхдүүдээ яруу найргийн аль төрлөөр сургаж байна вэ?
- 1987 онд зураач Пүлжийн Энхтөр гэдэг хүн Өвөрхангайд утга зохиол, урлагийг шинэчлэх клуб гэж байгуулаад хэдэн хүнийг өөрийн шавиар авсны нэг нь Наранхүүгийн Пүрэв миний бие. Тэр үед би багштайгаа нэлээн тэрс байсан л даа. Би ч тэр үед дэлхийн уран зохиолыг таньж мэдээгүй, тэр хүн ч түхайн үедээ цаг үеэсээ нэлээн тасархай түрүүлчихсэн яруу найрагч байсан. Он цагийн явцад би “Багшийн маань зөв байж, яруу найраг сэтгэлгээний урсгал руу шинэчлэгдэх ёстой юм байна. Гэхдээ ардын уламжлалаа хаяж, Монгол хэлнийхээ яруу тансаг байдлыг алдагдуулж болохгүй” гэж ойлгосон. Сэтгэлгээний шүлэг бичнэ гээд дэлхийн яруу найргийг хуулж болохгүй. Харин Монгол сэтгэлгээг бий болгох ёстой. Өнөөдөр судлаачид “Мэргэжлийн яруу найраг” гэж яриад байгаа нь Монголоос тасраад явчихсан гэсэн үг биш шүү дээ.
Би хүүхдүүдээ сэтгэлгээний шүлэг рүү явуулж байгаа. Тиймээс өдөр болгон оньсого таалгадаг. Оньсого гэдэг бол Монголын сонгодог урлаг. Оньсого гэдэг бол Монголын яруу найргийн сонгодог түлхүүр. Энэ түлхүүрийг эзэмшихгүйгээр тархины цоожийг мулталж чадахгүй. Монголчууд “Үгэн дотор үг, үхэр дотор гиваа” гэж хэлдэг дээ. Би тэр үгэн доторх үг рүү л явуулах гээд байгаа болохоос биш Монгол хэлний яруу үгсийг эвдэх гээд байгаа юм биш ээ. Манай хүүхдүүдийн гайгүй хөгжөөд байгаа нь оньсгоор нухлагдсаных гэж бодож байна.
- Шүлэг бичихийг ямар аргаар зааж болох вэ?
- Би хэдэн жилийн өмнө энэ утга зохиолын ажлыг аваад өөрт чинь ярилцлага өгч байхдаа “Яруу найргийг бол зааж болдоггүй юм аа” гэж хэлж байсан. Гэтэл үгүй байж ээ. Энэ бол том эндүүрэл байж. Яруу найргийг зааж болдог юм байна. Заахдаа зөвхөн өөрийгөө л заах ёстой юм байна. Бусдыг заана гэхээр би өөрөө тэр хүнээс суралцах шаардлагатай болно. Хамгийн сайн мэддэг сэдэв бол би өөрөө юм даа. Би Монголын уран зохиолд сэтгэлгээний яруу найргийг бий болгох гэж 30 жил зүтгэсэн, зүдэрсэн тэр зүтгэлээ л одоо хүүхдүүддээ зааж өгч байна.
Яруу найраг бол хүүхдүүдийг анги танхимд бөөнөөр нь оруулж суулгаад заадаг хичээл биш. Шүлэг бичихэд орчин их шаарддаг. Ганцаараа, чимээгүй орчинд байхдаа эсвэл хоёулхнаа байж, нууцаа задлах боломжтой үедээ яруу найргаар оролдвол амархан бүтчихдэг зүйл. Тийм болохоор би хүүхдүүдтэйгээ ганцаарчлан ажилладаг. Манай дугуйлан тогтсон цаггүй л гэсэн үг. “Багшаа, би шүлгээ биччихлээ. Танд үзүүлэе” гэхэд нь би өглөө, орой хэзээд бэлэн байдаг.
Нөгөөтэйгүүр шүлэг бичихэд өдөр, шөнө гэсэн цаг хугацаа тогтоож болдоггүй. Зарим өдөр сүрхий бичиж байхад зарим өдөр тархи чинь өөрөө “Би бичихгүй ээ, та жаахан хүлээ” гэнэ. Ийм үед “Миний шавийн тархи нь хэзээ сэргэх бол?” гээд тэвчээртэй хүлээх шаардлагатай болдог.
- Та саяхан “Радио хөрөг” гэх номоо гаргасан. Өөр уран бүтээл эхлэв үү?
-Өвөрхангай аймгаас төрж гарсан зохиолчдын хөргийг бичиж “Радио хөрөг” гэсэн номыг хэвлүүлэн уншигчдын хүртээл болголоо. Энэ номонд миний сайн мэдэх болоод огт танихгүй хүмүүс ч орсон. Хөрөг, найруулал бичихэд олон хүнтэй уулзаж, маш их баримт цуглуулах хэрэгтэй болдог. Дээр нь мартагдсан, хаягдсан, шороотой, тоостой ном, сонин унших шаардлага гарна. Яг үнэн судалгаатай, баримттай хөрөг найруулал бол хүнд хүрдэг юм. Ийм ном хэзээ нэг цагт машин, тэрэгнээс ч илүү үнэ хүрэх байх гэж бодсон үүднээс дахиад л хөрөг найрууллын ном бэлдээд сууж байна.
- Аймгийн Утга зохиолын нэгдлийн сүүлийн үеийн сониноос дуулгахгүй юу?
-Шулуухан хэлэхэд шинэ, хуучны зөрчил үүсчихээд байна. Үүнийг зоригтой хэлье. Би заавал хүн болгонд хүлээн зөвшөөрөгдөх албагүй. Зарим хүн намайг бахархан дагаж байхад зарим нь үзэн ядаж, тойрч байх нь ч зөв. Бид үзэл бодлоороо таарч тохирохгүй байгаа л бол цаг хугацааг хүлээх ёстой.
Би Утга зохиолын нэгдлийг нэн тэргүүнд эрүүлжүүлэх бодлого барьсан. Утга зохиолын ямар ч уралдаан, тэмцээн дээр төрийн шагналтай ч бай, ардын уран зохиолтон ч бай, согтуу гарах юм бол би шүүгч байсан тохиолдолд тэр хүнийг шууд хасна. Үүнийхээ хариуцлагыг ч би хүлээхэд бэлэн байна.
Нутагтаа ноёлчихсон, миний дээр хэн ч байхгүй гэсэн үзэл бодолтой хүн ч бас бий. Тийм бодолтой хүмүүс өөрсдөө бүлгэм, дугуйлан байгуулаад цаашаа явах эрх чөлөө, боломж байгаа. Гэтэл тэгэхгүй хэрнээ идэр залуу хүмүүсийг уруу татаад байгаа нь харамсалтай юм.
Нөгөө талаас хэлэхэд жаран жилийн түүхтэй Утга зохиолын нэгдэлдээ хүндлэгдэж үлдэнэ гэсэн бодолтой ахмад уран бүтээлчид маань намайг залуу үе рүү хэтэрхий их анхаарч ажиллаж байна гэж гомдоллож байгаа. Иймэрхүү ялгаа, зааг үүсчихээд байна. Энэ бол миний ололт биш алдаа юм. Алдаагаа бас хэлэх нь зөв гэж бодож байна.
- Уралдаан бүрт зөвхөн нэг хүн түрүүлээд байна гэсэн шүүмжлэл их байна. Үүнтэй санал нийлэх үү?
- Тэр уралдаанд түрүүлсэн шүлэг дараагийн байранд орсон шүлэгтэйгээ чанар чансааны хувьд ямар байна вэ гэдгийг нэг харьцуулаад уншихвал бол тэгж хов яриад байхааргүй тодорхойлолт гарч ирнэ.
Тэгээд ч энэ жил би шүүгчийн суудлаас мултарч байгаа учраас хүмүүс намайг дахиж шүүмжлэхгүй байх. Энэ жилийн том, жижиг ямар ч уралдаанд би төвийн шүүгч суулгана. Холоос шүүгч урьж, зардал гаргахдаа харамсахгүй.
- Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
Б.Батчимэг