Томуугаар өвчлөгдсийн 80 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-18 08:47:20

Өвөрхангай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт газар авч байна. 2017 оны нэгдүгээр сарын 9-16 хооронд буюу 7 хоногийн хугацаанд БОЭТ-ийн амбулаториор 7536 хүн үйлчлүүлсний 869 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 84.8 хувийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, үүнээс 76,8 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл  эзэлж байна.

Аймгийн БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, Есөнзүйл сум дахь Сум дундын эмнэлэг, сум, өрхийн ЭМТ-ийн түргэн тусламжийн нийт дуудлагын  28.5 хувийг ТТТӨ-ий дуудлага эзэлж, энэ нь өмнөх  долоо хоногоос 3,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрэмбэлэн ангилах хэсэгт Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг ажлын өдрүүдэд 18-21 цаг, амралтын өдрүүдэд 10-14 цагийн хооронд уртасгасан цагаар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дөрвөн сувилагчийг сэлгэн ажиллуулж байгаа ба тэтгэвэрт гарсан хоёр эмчтэй гэрээ байгуулан БОЭТ-ийн хүүхдийн тасагт нэмэлтээр ажиллуулж байгаа аж.

Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ‘’Амьсгалын замын халдварт өвчний үед хэрэгжүүлэх арга хэмжээний тухай’’ 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлж, 0-4 насны хүүхэд нь амьсгалын замын хүнд халдвараар өвдсөн ээжүүдэд эмчийн магадлагааг үндэслэн 3 хүртлэх хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргуулан ажиллаж байна.

Томуу, томуу төст өвчлөлд хүүхдүүд багагүй өртөж байгаа учир сургууль цэцэрлэгийн багш, тогооч зэрэг 62 хүнд  “Амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн заавар зөвлөгөө өгчээ.

 Б.Батчимэг

関連ニュース