Уянга сум зудын байдалд ороход ойрхон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-18 14:33:29

Өвөрхангай аймгийн Бүрд, Уянга, Бат-Өлзий, Хайрхандулаан, Нарийнтээл сумдад цас их орсны улмаас өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Уянга суманд 1700 гаруй малчин өрхийн 338000 мал өвөлжиж байгаа бөгөөд Хайрхандулаан, Тарагт, Арвайхээр сум руу дийлэнх нь оторлоод байгаа юм. Тус суманд цас дахин орвол зудын байдалд орно гэдгийг малчид хэлж байлаа.

Уянга сумын 5 дугаар багийн Засаг дарга Ц.Эрдэнэхүү:

- Энэ жил өвөлжилт хэр байна вэ?

- Манай багийн баруун талаар нутагладаг малчид Хайрхандулаан, Тарагтын нутагт отроор явчихсан байна. 360 гаруй өрхтэй. Түүнээс 100 гаруй өрх Найман нуур, Шуранга, Арвайн тал руу отроор явсан байгаа. Баруун тал, Таац, Жаргалантын нутгаар өвөлжилт нэлээд хүндэрч байна.

- Малчдын гар дээр хадлан тэжээлийн нөөц хэр байгаа вэ?

- Өнгөрсөн зун газрын гарц тааруу байсан болохоор хадлан сайн авч чадаагүй, цөөхөн хоногийн нөөцтэй байна. Нэмж цас орвол мал их муудахаар байна. Малаа их муудахаас өмнө тэжээл, өвс өгөхгүй бол цаашид байдал нэлээд хүндрэх төлөвтэй болоод байна. Цаашдаа ч нэлээд хүйтрэх байх, нэлээн ч зүтгэх байх гэж хашир малчид ярьж байна шүү.

- Малчид ямар санал хүсэлт ирүүлж байна?

- Малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй учраас малаар өвс тэжээл авах боломж байна уу, хэлж ярьж өгөөч гэсэн санал их тавьж байна. Манай багийн малчин өрхийн 60 гаруй хувь нь малчны зээлтэй байгаа. Өвс, тэжээл нэн шаардлагатай энэ үед ....... төгрөгөөр зарагдаж байгаа нь арай л үнэтэй байна.

Уянга сумын Бөөрөлжүүтийн 6 дугаар багийн Засаг дарга Д.Цэрэнчимэд:

- Сайхан өвөлжиж байна уу, танай баг хичнээн малчин өрхтэй билээ?

- Сайхан өвөлжиж байна. Манай баг 260 гаруй малчин өрхтэй. 2016 оны эцэст нийт 37019 мал тоологдсон. Үүнээс адуу 2941, үхэр 6653, хонь 13468, ямаа 13957 тоологдсон байна.

- Өвөлжилт хэр байна вэ?

- 2016 оны зун бороо их орсон боловч шөнөдөө хүйтэн байсан болохоор өвс тааруу ургаж, малчид маань хадлан муу авсан. Манай багийн малчдын 60 гаруй хувь нь отроор явчихсан. Өвөлжилт ерөнхийдөө нэлээд хүндэрч байна. Таац, Жаргалантын нутгаар өвөлжилт хүнд байгаа. Сүүлийн цас нэлээд их орсон.

- Малчдын гар дээр өвс тэжээл хэр байна вэ, малчдаас ямар санал хүсэлт ирж байна?

- Өвс тэжээлийн хувьд цөөхөн хоногийн нөөцтэй байгаа. Малчид хадлан тааруу авсан учраас малын тэжээл, өвсний захиалга их өгч байна. Сумын тэжээлийн фондод байгаа бага зэргийн өвсийг мал төллөх үеэр малчдадаа тараах нь зөв байх гэж үзэж байгаа. Аймгаас өвс, тэжээл ирнэ гэсэн.  

- Бөөрөлжүүтийн багийн хувьд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

- Хэдэн малаа бүрэн онд оруулах л хамгийн чухал асуудал болоод байна. Мөн манай багийн нутагт алтны уурхайнууд ажилладаг учраас асуудал бий. Цагаан сар болох гэж байгаа болохоор ч тэр үү, сүүлийн хэд хоног нинжа нар их болж байна. Одоогийн байдлаар Шар сувгийн аманд 100 орчим нинжа цугласан байна. Сумын төвийнхөн  ч тийшээ өглөө яваад орой ирдэг.

Б.Батчимэг

関連ニュース