Дэлхийн оюутны өвлийн спортын XXVIII дугаар наадам эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-01-30 13:02:38

АЛМАТЫ. /KAZINFORM/. Казахстаны Алматы хотноо дэлхийн оюутны өвлийн спортын XXVIII дугаар “Универсиад” наадмын нээлтийн ёслол өчигдөр орой боллоо.

Нээлтийн ёслолын үеэр Казахстаны томоохон хотуудаас 16 бамбарыг “Универсиад”-ын цэнгэлдэх хүрээлэнд авчирснаар нэгэн том тогоонд наадмын бамбар бадамлан асчээ.

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “Универсиад” наадмыг нээж үг хэллээ.

Оюутны спортын их наадам нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 8-нд Алматы хотноо болно. Уг наадамд 58 улсын 2000 тамирчин уран гулгалт, богино тойргийн тэшүүр, уулын цана, сноуборд, биатлон, гүйлтийн цана, хоккей /эрэгтэй ба эмэгтэй/, керлинг, цанын харайлт, цанын хоёр төрөлт, тэшүүр болон цанын чөлөөт харайлт гэсэн спортын 12 төрөлд 543 медалийн төлөө өрсөлдөнө.

Уг наадмыг дотоод, гадаадын 30 мянган жуулчин ирж үзнэ гэж Казахстаны холбогдох албаны хүмүүс тооцоолжээ.

Мөн XXVIII дугаар “Универсиад” наадмыг 100 гаруй орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилж, дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн телевизээр үзэх аж.

Г.Доржханд

 

関連ニュース