Абэ түүхэн айлчлал хийхээр Монгол болон Дундад Азийг зорилоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-22 10:52:06

ТОКИО. /RIA Novosti/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ түүхэн айлчлал хийхээр Монгол болон Дунд Азийн орнуудыг зорилоо. Тэрбээр Туркменистан, Тажикистан, Узбекистан, Киргизстан болон Казахстанд айлчилна. 

Японы Ерөнхий сайд  10 дугаар сарын 27 хүртэл үргэлжлэх таван хоногийн айлчлалынхаа хүрээнд зургаан оронд айлчлах ёстой. Эдгээр улсын гуравт нь Японы Ерөнхий сайд анх удаа айлчилж байгаа юм.

“Айлчлалыг хэтрүүлэггүйгээр түүхэн айлчлал гэж нэрлэж болно. Монгол Улсад айлчилсныхаа дараа Ерөнхий сайд Туркменистан, Тажикистан, Узбекистан, Киргизстан болон Казахстаныг зорино. Урьд нь Казахстан, Узбекистанд зөвхөн Зюнъитиро Коизуми л айлчилж байсан бөгөөд Японы Засгийн газрын тэргүүний Туркменистан, Тажикистан болон Киргиз улсад хийх айлчлал нь анхных болно” гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Шинзо Абэг Японы компаниудын 50 төлөөлөгч дагалдан явна. Эдгээр орны зах зээлд Хятад өргөн хүрээтэй нэвтэрч байгааг тогтоон барих, мөн байгалийн баялгийг нь ашиглах сонирхолтой байгаа учраас Японы эрх баригчид Дундад Азид оролцоогоо нэмэгдүүлэхэд бэлэн байна. Үүнээс гадна, Дундад Азийн орнуудын газарзүйн байрлалыг харгалзан үзвэл “эдгээр улсын тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт бүс нутгийн аюулгүй байдлыг хангах ёстой” гэж тус улсын ГХЯ үзэж байна.

Айлчлал хийх үеэрээ Абэ бүх зургаан орны төрийн тэргүүн нартай уулзаж, тухайн улс орнуудын бизнес эрхлэгчид бүхий бизнес-форумд оролцож, хамтарсан мэдэгдлүүд болон баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Японы Ерөнхий сайдын айлчлал 10 дугаар сарын 27-нд Астана хотод Назарбаев их сургуульд үг хэлснээр дуусна.

Д.Жаргал

 

関連ニュース