Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 15569 өрх хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны ажил энэ сарын 31-ээс улсын даяар нэгэн зэрэг эхлэх гэж байна. Энэхүү судалгаанд Увс аймгийн нийт өрхийн 72,4 хувь буюу 15569 өрх хамрагдахаар юм.
Уг судалгаагаар халамжийн дэмжлэг, тусламж болон хүүхдийн мөнгийг зөвхөн нэн шаардлагатай иргэдэд хүртээх зорилготой бөгөөд учир нь өнгөрсөн хугацаанд хуучин судалгааны мэдээлэл учир дулагдалтай байсны улмаас халамжийн тусламж үйлчилгээ нүдээ олж, эзэндээ хүрээгүй тохиолдол олон гарсан байна. Увс аймгийн хэмжээнд энэхүү ажлыг зохион байгуулах шивэгч, тоологч, хөтөч, жолооч, судалгааны багийн ахлагч нарыг сургалтанд хамруулж бэлтгэсэн байна.
“Айл өрхүүд өмнөх судалгааны жишгээр мэдээллээ нуун дарагдууллаа гэхэд таны мэдээлэл статистикийн бодит мэдээлэлтэй давхар тулгагдах учир маягтаа үнэ зөвөөр нь бөглөх хэрэгтэй. Энэ сарын 31-ээс эхлэн судалгааны ажилчид багийн дарга нарын гаргасан зураглалын дагуу айл өрхүүдээр явж судалгаа хийх тул ард иргэд судалгаандаа идэвхтэй хамрагдана уу” хэмээн аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд мэдээллээ.
Судалгааны ажил ирэх сарын 9 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ ажилд нийтдээ 116,9 сая төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ.
Б.Батхүү