Toyota компани 2,9 сая машинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-31 10:29:52

МОСКВА. /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motors” корпораци “Takata” компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрэнд асуудал үүссэнтэй холбоотойгоор дэлхий даяар борлуулсан 2,9 сая ширхэг автомашинаа эргүүлэн татахаар шийдвэрлэжээ. Энэ тухай “Reuters” агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, суудлын Toyota Corolla машины ес дэхь үе /Е120, Е130/, 10 дахь үе /Е140, Е150/, түүнчлэн Toyota RAV4-д энэ арга хэмжээ хамаарч байгаа аж. Компанийн үзэж байгаагаар, эдгээр машинуудад гэмтэлтэй насос бүхий аюулгүйн дэр тавигдсан байна.

Японд нийтдээ 750 мянга орчим машиныг эргүүлэн татах бол Хятадаас 650 мянга, Ойрхи Дорнод, Далайн орнуудаас 1,16 сая ширхэг машиныг татахаар шийдвэрлэжээ.

Японы “Takata” компани 2014 онд дуулианы бай болж байсан аж. АНУ-ын эрх баригчдын тогтоосноор, тус компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэр нь насосын гэмтлийн улмаас осол болох үед аюулгүйн дэр нь маш их хүчтэй дэлгэгдсэнээр төмөр, хуванцрууд зад үсрэн машин дотор сууж яваа хүнийг гэмтээх аюултай байжээ. Үүнээс болж дэлхий даяар хамгийн цөөндөө 16 хүн нас барж, 180 гаруй хүн гэмтэж бэртсэнээс АНУ-д 11 хүн амиа алдсан тохиолдол бүртгэгджээ.

“Takata”-гийн аюулгүйн дэрний асуудлаас болоод дэлхий даяар нийтдээ 100 сая гаруй машиныг эргүүлэн татаж байжээ.

О.Барс

 

関連ニュース