Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх 74 дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-20 17:30:13
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газарт 2017 оны 3 дугаар сарын 22-ны байдлаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх 74 дуудлагыг хүлээн авсан байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүнийг хэл амаар доромжилж, амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх эдгээр дуудлагаас 3 нь гэмт хэргийн шинжтэй, 71 нь захиргааны зөрчлийн шинжтэй байв.
Гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн бол захиргааны зөрчил гаргасан 50 иргэнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 7-30 хоног шүүхээр баривчлуулж, 15 иргэнийг тус бүр 10-15 мянган төгрөгөөр торгожээ.
Гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их үйлдэгдэж буй газар Арвайхээр сум бөгөөд нийт дуудлагын 64 нь энд гарсан байна. Тарагт суманд 3, Богд, Сант суманд тус бүр 2, Нарийнтээл, Хайрхандулаан, Өлзийт суманд тус бүр 1 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.
“Хүүхдээ зөөлхөн цохиод автал Цагдаагийн газар баригдаад ирлээ, эхнэртээ хэдэн үг хэлтэл хүчирхийлэгч болчихлоо” гэсэн гомдол зарим иргэдийн дунд яригдаж байсан учраас Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбатаас тодруулахад “Цагдаагийн газар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлж, дуудлага өгч байгаа иргэнд хүрч үйлчлэх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдэгдсэн дуудлагыг цагдаагийн байгууллага авсан даруйдаа очно. Гэр бүлийн хамаарал бүхий гишүүдийг хэл амаар доромжилсон, амар тайван байх хүсэл зоригт нь халдаж, аюулгүй байдал нөлөөлсөн л бол хүчирхийлэл үйлдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Цагдаагийн байгууллага хуулийг хэрэгжүүлж, эхний ээлжинд шууд баривчлах арга хэмжээ авна.” гэв.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, аюулгүйн зэргийн үнэлгээг хийх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг зохион байгуулах” үйл ажиллагааг журамласан байна. Аймгийн Цагдаагийн газраас энэхүү 9 журмыг шат дараатай хэрэгжүүлж, 34 хохирогчийн аюулгүйн зэргийг үнэлжээ. Хүчирхийлэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг 5 байгууллагатай хамтран явуулж, захиргааны арга хэмжээ авагдсан 181 этгээдэд 23-55 цагийн албадан сургалтыг зохион байгуулсан байна.
Б.Батчимэг
関連ニュース