“Супер аварга” Жошуа 15 саяыг хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-05-01 12:19:28
МОСКВА. /TASS/. Украины боксчин Владимир Кличког ялсан Британийн залуу од Энтони Жошуа 15 сая фунт стерлингийн мөнгөн шагнал авахаар болсон тухай “Mirror” сонинд мэдээлжээ.

Ням гарагт шилжих шөнө Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон 12 үеийн халз тулаанд Жошуа өрсөлдөгчөө 11 дэх үед техникийн нокаутаар ялснаар Олон улсын боксын холбооны /IBF/ аварга цолоо хамгаалж чадсан төдийгүй Бүх дэлхийн боксын холбооны /WBA/ “супер аварга”-ын бүсийг зүүсэн билээ.

Халз тулаанд оролцсон хоёр боксчин гэрээнд заасны дагуу 10 сая фунт стерлингийн гонорарыг баталгаатай авна. Харин халз тулааныг телевизээр шууд дамжуулан нэвтрүүлснээс олох орлого өссөн учраас Жошуа 15 саяыг авахаар болжээ. Урьдчилсан байдлаар, шууд нэвтрүүлгээс олох орлого 48 сая фунт стерлингт хүрэх төлөвтэй байна.

Өнгөрсөн хугацаанд Кличко 64 ялж, 5 ялагдсан бол 27 настай Жошуа /19 ялалт/ мэргэжлийн боксын рингэнд ялагдал гэдгийг үзээгүй явна.
Х.Сарнай   
関連ニュース