Догшин бурхандын дүр үзэсгэлэнгийн танхимд

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-05-19 14:50:13
Дүрслэх урлагийн музей “Арван хангал” цуврал үзэсгэлэнгийн 5 дахь буюу “Догшидын аврал” үзэсгэлэнг нээлээ.
Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд тус музей сан хөмрөгөөсөө өмнө гаргаж байгаагүй хангал бурхад болох Дамдин Чойжоо буюу Эрлэг Номун хаан, Цамба, Шалши, Махгал бурхадын дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээн туурвисан сор бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэн XIX зуунд холбогдох, нэр нь үл мэдэгдэх урчуудын бүтээсэн 100 гаруй бүтээлээс бүрдэж байна. Түүнчлэн үзэсгэлэнд оролцож буй үзмэрийн гэрэл зургийг бүрэн хэмжээгээр багтаасан өмнөтгөл, тайлбар бүхий каталоги хэвлүүлэн уншигчдад хүргэжээ.Догшин сахиусууд бурханы шашинд тэрслэгч ад зэтгэр, дайсан тотгорыг дарах утга бэлгэдлээр бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд чойжин сахиусуудыг хамгийн сүрлэг аймшигтай, хохимой толгой хэлхэж хүзүүндээ зүүсэн, цус савируулсан, хүн амьтныг гишгэсэн догшин дүртэй байдаг. Гэхдээ догшин дүрт бурхадын зэр зэвсэг агсаж, хүний эд эрхтнийг тасчин барьсан дүр дүрслэл нь шашны номд тэрслэгч дайснуудыг шууд алж устгахыг номлосон хэрэг бус харин нүгэл хилэнц, ад зэтгэр, гай зовлон, чөтгөр шулмас зэрэг буян номын үйлсэд харшлагч бодитой болоод бодитой бус бүх саад тотгоруудыг даран устгахыг илэрхийлсэн бэлгэдэл дүрслэл болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Үзэсгэлэн сарын турш олон нийтийн хүртээл болно.
関連ニュース
コメント