Хонконгийн хөлбөмбөгчин 1 сая долларын алтан гулдмайнуудаа дээрэмдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-25 15:17:34
МОСКВА./TASS/. Хонконгийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч байсан Ли Вэй Мэн-ийг Хонконгийн худалдааны төвд явж байх үед нь зэвсэглэсэн этгээдүүд алтан гулдмайтай чемоданыг нь дээрэмдэн зугтжээ.

Уг чемодан дотор 8 сая хонконг доллароор /1 сая америк доллар/ үнэлэгдэх алтан гулдмайнууд байсан аж. Энэ тухай “South china Morning Post” сонинд мэдээлжээ.

Энэ хэрэг явдал 5 дугаар сарын 24-ний орой Хонконгийн “Fortune Metropolis mall” гэдэг томоохон худалдааны төвийн дэргэд болжээ. Тус төвийн үүдэнд зогсч байсан 43 настай Ли Вэй Мэн рүү бүлэг этгээдүүд дөхөж ирээд, хутга тулган чемоданыг нь булаан зугтсан байна. Чемодан дотор 8 сая хонконг долларын үнэ бүхий 24 ширхэг алтан гулдмай байжээ. Мөн 10 сая иен /90 мянган ам.доллар/ бэлэн мөнгөөр байсан байна. Гэмт этгээдүүд хэргийн газраас автомашин хөлөглөн зугтжээ.

Тамирчны нүүр нь бага зэрэг шалбарснаас өөр гэмтэл бэртэл аваагүй байна. Цагдаагийнхан уг хэрэг явдлын учрыг олж, дээрэмчдийн байгаа газрыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
О.Барс 

 

 

関連ニュース