Д.Трамп хүргэнээ өмгөөлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-29 14:36:40
МОСКВА. /Sputnik/. Оростой холбоо тогтоосон хэргээр Холбооны мөрдөх товчоонд /ХМТ/ шалгуулж байгаа өөрийн зөвлөх, хүргэн Жаред Кушнерт бүрэн итгэдэг гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “The Washington Post” сонинд мэдээлснээр, Ж.Кушнерыг Оросын албаны хүмүүстэй хэлхээ холбоо тогтоосон гэх үндэслэлээр ХМТ шалгаж байгаа бололтой. Мөн баасан гарагт тус сонин “Д.Трампын зөвлөх бөгөөд хүргэн Ж.Кушнер ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай уулзаж, АНУ-ын засаг захиргаа ба Кремлийн ордны хооронд харилцаа холбооны суваг бий болгох асуудлыг хэлэлцсэн” гэж мэдээлсэн юм.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан Д.Трамп өчигдөр “The News York Times” сонинд ярилцлага өгөхдөө “Ж.Кушнер улс орныхоо төлөө сайн ажиллаж байгаа. Би түүнд бүрэн итгэдэг. Түүнийг бараг хүн бүр хүндэтгэдэг. Ж.Кушнер манай улсын хэдэн тэрбум долларыг хэмнэх хөтөлбөрүүдийг удирдан хэрэгжүүлж байна” гэжээ.

Оросын талтай хувийн зорилгоор харилцаа холбоо тогтоож, тэр ч байтугай өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулсан гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон албаны хүмүүс Д.Трампын багийнхныг буруутгасаар байна. Харин Москва  эдгээр мэдэгдэлд няцаасан хариу өгч “бусад улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцох сонирхол бидэнд байхгүй” гэж мэдэгдсэн юм.

Г.Доржханд
 

関連ニュース