Токиогийн ойролцоогоос кобальтын томоохон ордыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-06 15:57:50
ТОКИО./TASS/. Японы нийслэлийн ойролцоо газарт, далайн ёроолд кобальт болон бусад ховор металлаар баялаг томоохон орд илэрчээ. Даваа гарагт NHK телевизийн мэдээлснээр, уг орд Токио хоттой залгаа орших Чиба мужийн Босо хойгоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог байна.

Энэ газарт ховор металл байгаа тухай мэдээлэл өмнө нь гарч байсан хэдий ч саяхнаас л төрийн өмчийн болон хувийн хэвшлийн судалгааны байгууллагууд шумбагч роботын тусламжтайгаар уг ордыг нарийвчлан судалж байгаа юм.

Уг орд усан дорх унтарсан галт уулын бүсэд 1500-5500 м-ийн гүнд оршдог байна. Кобальт болон бусад ховор металлаар маш баялаг 10 см зузаан галт уулын хөрсөн хайлмаг нь нийт 950 ам.дөр.км талбайг эзэлдэг ажээ.

Япон улсад ашигт малтмал гэж бараг байдаггүй ба тус улс цахим үйлдвэрлэлд шаардагдах ховор металлыг их хэмжээгээр гадаадаас худалдан авдаг байна. Одоогийн байдлаар, ордын хэмжээг нарийвчлан тогтоох, далайн ёроолд олборлолт явуулах техникийн боломжийг судлах ажлуудыг хийж байгаа ажээ.
О.Барс 


関連ニュース