Ши Жиньпиний айлчлалын өмнө Хонконгт эсэргүүцлээ илэрхийлэгчдийг баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-06-29 10:10:12
ХОНКОНГ. /ВВС/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан тушаалаа авснаас хойш Хонконгт анх удаа айлчлахын өмнөх өдөр буюу өчигдөр эсэргүүцлийн суулт хийж байсан ардчиллыг дэмжигчдийг Хонконгийн цагдаа нар баривчиллаа.

Хонконг Их Британийн колончлолоос гарч, Хятадын харьяанд эргэн орсны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Ши Жиньпин энд хүрэлцэн ирэх гэж байгаа юм.

Хятадын харьяанд эргэн ирснийг тохиолдуулан Бээжингийн зүгээс Хонконгт бэлэглэсэн хөшөөний өмнө өчигдөр орой 20  орчим хүн, тэдний дотор 2014 онд ардчилсан сонгууль хийхийг шаардан “Шүхэрт хувьсгал” хэмээх томоохон эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан хүн болон Хятадын засгийн газрыг эсэргүүцдэг улс төрийн намын гишүүд суулт хийсэн байна.



Эсэргүүцлийн суултад оролцогчид ардчиллыг дэмжихийг болон Нобелийн Энх тайвны шагналт зохиолч Лю Сяобо-г ямар нэгэн болзолгүйгээр суллахыг Бээжингийн эрх баригчдаас шаарджээ. Элэгний хорт хавдартай гэж оношлогдсон Нобелийн шагналтныг саяхан батлан даалтаар түр суллааад байгаа юм.

Цагдаа нар эсэргүүцлээ илэрхийлэгчдэд хэдэн цагийн турш хяналт тавьж, хөшөө рүү авирсан хүмүүсийг баривчилсан байна.
Г.Доржханд
 
 


関連ニュース