Венесуэлийн парламент руу дайрсан явдлыг Латин Америкийн орнууд буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-06 11:13:23
МОСКВА./TASS/. Засгийн газрыг дэмжигч бүлэглэлүүд Венесуэлийн парламент болох Үндэсний Ассамблейн байр руу дайрсан явдлыг Колумб, Панам болон Мексикийн эрх баригчид эрс буруушаалаа.

“Хүчирхийллийг зогсоож, үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэхийг Колумбын засгийн газар уриалж байна” гэж тус улсын Гадаад хэргийн мэдэгдэлд дурджээ.

“Мексик улс Үндэсний Ассамблейн гишүүдтэй эв санааны нэгдэлтэй байгаа бөгөөд тэдний бүрэн эрхийг хүндэтгэх ёстой гэж үзэж байна” хэмээн Мексикийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ. 

Венесуэлийн парламентын дарга Хулио Борхес-ын мэдээлснээр, засгийн газрын талыг баримтлагчдын түрэмгий үйлдэлд парламентын 5 гишүүн болон 7 ажилтан өртөн хохирчээ. Парламентын байр руу дайрсан этгээдүүд хийн гранат болон салют ашигласан байна.
 
Энэ оны 4 дүгээр сараас хойш Венесуэльд үргэлжилж буй мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын улмаас 90 орчим хүн амиа алдаж, 1500 орчим хүн гэмтэж бэртсэнээс гадна хэдэн мянган хүнийг баривчлан хорьжээ. 

Х.Сарнай
 
関連ニュース