Японы Имабецу хот Монголын баг тамирчдыг бэлтгэлийн баазаар хангана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТТОКИО. /japan-news/. Японы Аомори мужийн Имабецу хот “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монголын туялзуур сэлэмний баг тамирчдыг бэлтгэлийн баазаар хангахаар тохиролцсон байна.
Монголын баг тамирчдыг бэлтгэлийн баазаар хангах гэрээний төлөөх өрсөлдөөн Япон даяар эрчимтэй өрнөжээ. Хүн амын тоо нь хурдацтай буурч байгаа, 3000 хүрэхгүй хүн амтай Имабецу хотод ирэх гуравдугаар сард Хоккайдо чиглэлийн хурдан галт тэрэгний зогсоол бий болох давуу талаа ашиглан тус хот Монголын баг тамирчдыг бэлтгэлийн баазаар хангах эрхтэй болжээ.
Монголын Туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч Л.Ганпүрэв 10 дугаар сарын 19-нд Имабецу хотод айлчилж, тус хотын дарга Йошихару Абэтэй гэрээний үндсэн баримт бичигт гарын үсэг зуржээ.
Имабецу хот нь туялзуур сэлэмний спортоор ихэд нэрд гарсан бөгөөд үндэсний аварга шалгаруулах тэмцээнд багаар алтан медаль хүртсэн байна. Гэсэн хэдий ч, сүүлийн 10 жилд тус хотын хүн ам 20 хувиар буурснаар туялзуур сэлэмний спортоор хичээллэдэг хүмүүсийн тоо мөн буурчээ.
Туялзуур сэлэмний нэр хүндийг эрчимтэй сэргээснээр Имабецу хот дагаад сэргэнэ гэдэгт найдаж байгаагаа уг спортын төрлийн тэмцээнд оролцож явсан хотын дарга Абэ илэрхийлээд, хурдан галт тэрэгний зогсоолыг нээх болон Монголыг туялзуур сэлэмний баг тамирчдыг хүлээн авах замаар хотын дүр төрхийг өөрчлөх хүсэлтэй байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга