“THAAD” системийг Аляскт амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-31 11:33:21
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Зэвсэгт хүчин байлдааны сургуулилтын явцад пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” /Terminal High Altitude Area Defense/ системийн туршилтыг хийлээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны Пуужингийн довтолгооноос хамгаалах агентлагийн мэдэгдсэнээр, уг туршилт амжилттай болжээ.

“THAAD” цогцолбор нь АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн /ПДХС/ цуваа элементүүдийн нэг юм. Дээрх туршилтын хүрээнд Номхон далай дээгүүр нисч байсан цэргийн тээврийн С-17 нисэх онгоцноос дунд тусгалын баллистик пуужинг орлуулсан байг хөөргөжээ. Пентагоны баталж байгаагаар, Аляск муж улсын Кадьяк арал дээр байрладаг “THAAD” систем уг байг илрүүлснийхээ дараа түүнийг даган нисч, улмаар амдан устгажээ. Туршилтад оролцсон “THAAD” цогцолборын багийнханд байг хөөргөх цагийг мэдэгдээгүй байна.

“Бид байг амжилттай амдан устгаад зогсохгүй “THAAD” системийг боловсронгуй болгоход шаардагдах мэдээллийг цуглуулж чадсан. Мөн байлдааны нөхцлийг загварчлах, өсөн нэмэгдэж буй аюул заналхийллээс урьтан түрүүлэх бидний чадварыг дээшлүүлэх боломжийг тодорхойллоо”  гэж ПДХС-ын агентлагийн захирал дэслэгч генерал Сэм Гривз мэдэгджээ.

“THAAD” нь баллистик пуужингийн толгойн хэсгүүдийг нислэгийн даялалын дунд хэсгийн төгсгөл шатанд болон байндаа ойртон ирэх үед нь амдан устгах зориулалттай систем юм. Уг систем нь АНУ болон түүний холбоотнуудын цэргийн хүч, хотууд, чухал объектуудыг ойрын болон алсын тусгалтай пуужингуудаас хамгаалах юм.

“THAAD”-ын ангийг Өмнөд Солонгос улсад байрлуулж байгааг Орос болон Хятад улс эрс эсэргүүцэж байгаа юм.
О.Барс 

 

 

 




関連ニュース