Киевт танк эсэргүүцэх зэвсэг нийлүүлэхийг Пентагон санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-01 08:53:44
НЬЮ-ЙОРК./TASS/. Пентагон, Төрийн департамент Украины эрх баригчдад танк эсэргүүцэх пуужин болон бусад зэвсэглэлийг нийлүүлэх төлөвлөгөөг боловсруулан бэлэн болгосон хэдий ч Цагаан ордон уг төлөвлөгөөг нь хараахан дэмжин батлаагүй байгаа юм. Энэ тухай Америкийн The Wall Street Journal сонинд мэдээлжээ.

Нийлүүлэхээр төлөвлөж буй зэвсэглэлийг Америкийн эрх баригчид батлан хамгаалах зориулалттай зэвсэг гэж үзэж байгаа юм.

Тус сонинд мэдээлснээр, танк эсэргүүцэх пуужинт “Javelin” цогцолбор болон агаарын довтолгооноос хамгаалах систем бусад зэвсэглэлийг нийлүүлж магадгүй байгаа гэнэ. Ингэхдээ нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд төлөвлөгөө ёсоор танк эсэргүүцэгч цогцолбортой Украины цэргийн ангиуд мөргөлдөөний гол бүсээс хол байрлах ёстой аж.

“Хэрвээ украинчууд дээрх зэвсэглэлийг зохих ёсоор нь хэрэглэхгүй бол Вашингтон дэмжлэгээ зогсоох эсвэл техникийн туслалцаа үзүүлэхээ болиход хүрнэ” гэж уг өгүүлэлд дурджээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп-д дээрх төлөвлөгөөний талаар танилцуулаагүй байгаа болохоор түүний байр суурь одоохондоо тодорхойгүй байгаа аж.

“Цагаан ордон эцсийн шийдвэрээ гаргах хүртэл хэдэн сар өнгөрч магадгүй гэж Америк, Украины зарим албан тушаалтнууд мэдэгджээ” гэж тус сонинд мэдээлжээ.

Дээр дурдсан саналыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис дэмжиж байгаа аж.

Герман, Франц улсууд Украинд Америкийн зэвсэг нийлүүлэх нь тус улсын мөргөлдөөнийг улам хурцатгахад хүргэж болзошгүй гэсэн байр суурьтай байгаа бол Америкийн тал Киевт зэвсэглэл нийлүүлэхийг Канад, Их Британи, Польш, Литв улсууд дэмжинэ гэж тооцоолж байгаа юм.
О.Барс 

 

関連ニュース