АНУ-ын Сенат Кристофер Рей-г ХМТ-ны шинэ даргаар баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-02 08:52:26
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Сенат мягмар гарагт Кристофер Рейг-г Холбооны мөрдөх товчооны даргаар дэмжин баталлаа. К.Рей-г ХМТ-ны даргаар томилохын төлөө 92 сенатч саналаа өгсөн бол ердөө таван сенатч эсрэг саналтай байжээ. Мөн гурван сенатор санал хураалтад оролцоогүй байна.

Ойрын өдрүүдэд ХМТ-ны шинэ дарга тангарагаа өргөх өдрийг товлон зарлах аж.

К.Рей-гийн нэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 6 дугаар сарын 7-нд албан ёсоор санал болгосон ба тэрбээр К.Рей-г “өөлөхийн аргагүй мэргэшсэн” боловсон хүчин бөгөөд 2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа терроризмтой хийх дайнд АНУ-ын Хууль зүйн яамыг чадварлагаар удирдаж байсан хүн гэдгийг онцлон дурджээ. Ерөнхийлөгч Д.Трамп К.Рей нэр дэвшигчийг уг албан тушаалд Сенат баталсан тохиолдолд тэрбээр “хуулийн нугаршгүй манаач” байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Д.Трамп ажлаа хангалттай сайн хийж чадахгүй байна гэсэн үндэслэлээр ХМТ-ны өмнөх дарга Жеймс Коми-г 5 дугаар сарын 9-нд огцруулсан юм. Ж.Коми-г 2013 онд Ерөнхийлөгч асан Барак Обама тус албанд томилж байжээ. АНУ-ын 1976 онд батлагдсан хууль тогтоомжоор ХМТ-ны захирлын бүрэн эрхийн хугацаа 10 жил байдаг ба Хууль зүйн яаманд харьяалагддаг ХМТ-ны гол үүргүүдийн нэг нь сөрөг тагнуул юм.

Кристофер Рей Йелийн их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн ба 2003-2005 онд Ерөнхийлөгч Жорж бага Буш-ийн үед Хууль зүйн сайдын туслах, АНУ-ын Ерөнхий прокурорын эрүүгийн хэрэг эрхэлсэн туслахаар ажиллаж байжээ. К.Рей одоогийн байдлаар "King&Spalding" хуулийн пүүсийн түншээр ажиллаж байгаа аж.

Мөн тэрбээр өмгөөлөгчийн хувиар Нью-Жерси муж улсын захирагч Крис Кристи-гийн эрх ашгийг төлөөлөн ажиллаж байжээ.
О.Барс 
関連ニュース