Улиран сонгогдсон Х.Роухани ажилдаа орлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-04 10:32:10
ТЕГЕРАН. /Reuters/. Тавдугаар сард болсон сонгуулиар улиран сонгогдсон Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани пүрэв гарагаас ажилдаа оржээ.

Өчигдөр болсон түүний тангараг өргөх ёслолыг тус улсын дээд удирдагч Аяатолла Али Хаменеи удирдсан байна.

Ерөнхийлөгч Х.Роухани тангараг өргөснийхөө дараа үг хэлэхдээ “Олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлэлцээ хийж, улс орныхоо эдийн засгийг сэргээх болно” гээд “Улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх нь тогтвортой хөгжлийг хангахад зайлшгүй чухал” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Ираныг тусгаарлахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Тегеранд шахалт үзүүлэх нь нэмэгдэж буйтай холбогдуулан тэрбээр ингэж хэлсэн бололтой.

Тегеран болон дэлхийн зургаан гүрэн 2015 онд цөмийн хэлэлцээр байгуулсны дараа улс орнууд Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцалснаас хойш тус улсын нефтийн экспорт эрс нэмэгдсээр байна.

Х.Роухани ерөнхийлөгчийн албан тушаалыг улиран хаших хугацаандаа Д.Трампын засаг захиргаатай хэрхэн харилцах нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

関連ニュース