Н.Мадуро: Ерөнхий прокурорыг албан тушаалаас нь огцруулсан нь Венесуэлийн дотоод хэрэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-07 08:46:35
КАРАКАС./TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Үндсэн хуулийн ассамблейн шийдвэрийг хүндэтгэж, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаарджээ. Ерөнхий прокурор Луис Ортега Диасыг албан тушаалаас нь чөлөөлснөөс үүдэн хэд хэдэн орны зүгээс ширүүхэн шүүмжилсний хариуд Н.Мадуро ийн мэдэгджээ.  Үндсэн хуулийн ассамблей бямба гарагт Л.Диасыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Тарек Вильям Сааб томилсон байна. 

“Улс орон бүр бие даасан үйл ажиллагаагаа явуулдаг, Ерөнхий прокурорын төлөөлөгч эсвэл прокурорыг өөрчлөх нь тус улсын дотоод хэрэг” гэж Н.Мадурогийн хэлснийг Union Radio радио станц иш татан мэдээлжээ.

Луис Ортега Диас Дээд шүүх, Үндсэн хуулийн ассамблейн /ҮХА/ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан албан тушаалдаа хэвээр ажиллана гэдгээ мэдэгджээ.

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Ерөнхий прокурорыг огцруулах тухай ҮХА-н шийдвэрийг анхны дарангуйллын үйлдэл боллоо” гэсэн бол Мексик АНУ дээрх шийдвэрийг хууль бус гэж үзжээ. Л.Диас гүйцэтгэх засаглалын үйлдэл, тухайлбал урьдчилсан бүх нийтийн санал асуулга явуулахгүйгээр ҮХА-г зарлан хуралдуулах тухай шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа урьд нь мэдэгдэж байсан юм. Үндсэн хуулийг өөрчлөх бүрэн эрх бүхий тус байгууллагын сонгууль тус улсад 7 дугаар сарын 30-нд болж өнгөрсөн билээ.

6 дугаар сарын сүүлчээр Дээд шүүх Л.Диасыг хилээр гадагшаа гарахыг нь хориглож, дансуудыг нь царцааж, мэдүүлэг ирж өгөхийг үүрэг болгосон юм. Түүнийг “албан үүргээ гүйцэтгэж байхдаа ноцтой зөрчил гаргасан” гэж сэжиглэж байгаа аж. Л.Диасын эсрэг хэргийг Венесуэлийн Нэгдсэн социалист намаас Үндэсний ассамблейд сонгогдсон парламентын гишүүн Педро Карреньогийн хүсэлтээр үүсгэсэн ажээ.
О.Барс 

関連ニュース