Польшийн ГХ-ийн сайд: Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудыг хамгаалсан олон улсын хууль байхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-07 09:58:46
МОСКВА./TASS/. Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгах нь олон улсын ямар ч хууль тогтоомжийг зөрчихгүй гэж Польшийн Гадаад хэргийн сайд Витольд Ващиковский үзэж байгаа ажээ. “Дахин хэлье: ийм хөшөө дурсгалуудыг хамгаалсан олон улсын болон хоёр улсын ямар ч хууль байхгүй” хэмээн Польшийн ГХ-ийн сайд “Коммерсанть” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Хэрвээ дээрх хөшөөнүүд нь оршуулгын газар байгаа бол хамгаалалтанд байна, харин тийм биш бол яагаад бид тэднийг хамгаалах ёстой юм бэ?” хэмээн сайд нэмэн хэлжээ.

Польшийн Сейм 6 дугаар сарын 22-нд 1944-1945 онд Гитлерийн эзлэн түрэмгийллээс Польшийг чөлөөлсөн Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгосон хөшөө дурсгалуудыг буулгах, мөн барилга, объектын нэрэнд коммунизм эсвэл өөр дарангуйлалт нийгмийг сурталчилсан нэрийг хэрэглэхийг хориглох нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулах санал хураалт явуулж баталсан юм. Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда энэ оны 7 дугаар сарын 17-нд дээрх хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталжээ.

ОХУ-ын ГХЯ дээрх шийдвэрийг зориуд санаатай өдөөн хатгасан шийдвэр гэж үзэж байгаа ба уг шийдвэр араасаа сөрөг үр дагавар дагуулна гэж мэдэгджээ.
О.Барс 
関連ニュース