Пхеньян Гуамд цохилт өгөх төлөвлөгөөгөө энэ сарын дундуур хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-10 08:02:37
ПХЕНЬЯН. /ВВС/. Энэ сарын дундуур гэхэд АНУ-ын эзэмшлийн Гуам арлын зүг дөрвөн пуужин харвахад бэлэн болно гэж Умард Солонгос мэдэгдлээ.

Өчигдөр орой Солонгосын ардын арми мэдэгдэл хийхдээ "Хэрвээ удирдагч Ким Жөн Ун тушаал өгвөл “Хуасон-12” пуужингуудыг Японы газар нутгийг давуулан хэзээ мөдгүй харвах болно. Пуужингууд Гуамаас 30 км зайтай усанд газардана" гэжээ.

Өнгөрсөн сард хоёр удаа тив алгасах баллистик пуужин хөөргөн туршсантай нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Пхеньяны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Тодруулбал, тус улсаас нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга болон далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг ашигт малтмалыг импортлохыг бүрэн хориглосон билээ.

Энэ хориг арга хэмжээний улмаас Пхеньян болон Вашингтон хоорондын харилцаа хурцдаад байна.

Дээрх мэдэгдэлтэй холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттис Умард Солонгосоос өдөөн хатгалгаа зогсоохыг шаардаад “Пхеньяны үйлдэл сайн зүйлд хүргэхгүй. АНУ ба түүний холбоотнуудын эсрэг ямар ч дайнд Пхеньян “хөөрхийлөлтэйгөөр ялагдах” болно” гэжээ.

АНУ-ын цэргийн баазууд, стратегийн бөмбөгдөгч онгоцууд байдаг, 163 мянган оршин суугчтай Гуам аралд пуужингаар цохилт өгөхөөр төлөвлөж байгаагаа Умард Солонгос анх өчигдөр буюу лхагва гарагт мэдэгдсэн юм.

Үүний дараа өчигдөр орой Пхеньяны гаргасан мэдэгдэлд “Манай улсын арми наймдугаар сарын дундуур гэхэд энэ төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх болно. Удирдагч Ким Жөн Ун хэзээ тушаал өгөхийг хүлээж байна” гэжээ.

Солонгосын Ардын армийн генерал Ким Рак Гём хэлэхдээ “Бид “Хуасон-12” пуужингуудыг Японы Шиманэ, Хирошима болон Коичи мужуудыг давуулан харвах болно. Пуужингууд 1065 секундэд 3356.7 км замыг туулна” гэжээ.

Гуам арал


·         541 км.кв газар нутагтай бөгөөд Филиппин болон Хавай арлын хооронд Номхон далайн баруун хэсэгт оршдог жижиг арал

·         АНУ-ын газар нутагт хамаардаг, 163 мянган хүн амтай

·         Энэ аралд төрсөн хүмүүс АНУ-ын иргэн боловч тэд АНУ-ын бүх нийтийн сонгуулиуд, тухайлбал ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх эрхгүй

·         АНУ-ын цэргийн баазууд арлын газар нутгийн дөрөвний нэг хувийг нь хамран оршдог бөгөөд тус улсын армийн 6000 алба хаагч тэнд байрлаж байна

·         Дэлхийн II дайны үед АНУ-ын армийн гол бааз байсан бөгөөд АНУ-ын хувьд Өмнөд Хятадын тэнгис, хоёр Солонгос болон Тайванийн хоолой зэрэг чухал цэгүүдэд нэвтрэн ажиллагаа явуулах гарц
 
Г.Доржханд
関連ニュース