ХМТ Д.Трампын штабын дарга асан П.Манафортын гэрт нэгжлэг хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-10 11:25:26
ЛОНДОН./BBC/. ХМТ-ны ажилтнууд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын сонгуулийн штабыг тэргүүлж байсан Пол Манафортын гэрт нэгжлэг хийсэн тухай Америкийн ОНМХ-үүд мэдээлжээ.

П.Манафорт сайн дураараа АНУ-ын Сенатын тагнуулын хорооны ажилтнуудтай уулзсаны маргааш нь буюу 7 дугаар сарын 26-нд холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүнээс баримт бичгүүд болон бусад материалуудыг хурааж авч байсан тухай өмнө нь мэдээлж байсан юм.

П.Манафорт сонгуулийн санал хураалт болохоос хэдэн сарын өмнө Д.Трампын багаас гарчээ. П.Манафорт 2016 оны 8 дугаар сард сонгуулийн штабаас гарах болсны шалтгаан нь Украин дахь Оросын талыг баримтлагч намтай П.Манафорт холбоотой гэсэн мэдээлэл Америкийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан явдал болжээ. 

Орос улс АНУ-ын өнгөрсөн оны сонгуульд хөндлөнгөөс оролцсон талаар хэд хэдэн мөрдөн шалгалтыг ХМТ эхлүүлээд байгаа юм.

Үүнээс өмнө П.Манафорт Сенат, Конгрессийн хуулийн хороонд Оросын хувьд хийгдэж буй мөрдөн байцаалттай холбоотой бичиг баримтуудыг шилжүүлэн өгчээ.

Эдгээр бичиг баримтуудад Д.Трампын хүү 2016 онд Нью-Йоркт Оросын өмгөөлөгч Наталья Весельницкая-тай хийсэн уулзалтын үеэр хийсэн тэмдэглэл байгаа аж.

Д.Трампын хүүгийн цахим захидлаас харахад, тэрбээр дээрх өмгөөлөгчтэй уулзахыг зөвшөөрсөн, мөн Д.Трампын сонгуулийн өрсөлдөгч Хиллари Клинтоныг харлуулах мэдээлэл өгнө гэсэн амлалтын хариуд П.Манафортыг урьж өгсөн байна.
О.Барс 
関連ニュース