АНУ-ын Сенатч М.Рубиогийн хамгаалалтыг нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-14 09:54:31
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын эрх баригчид Флорид муж улсаас сонгогдсон БНН-ын нөлөө бүхий Сенатч Марко Рубиогийн хамгаалалтыг нэмэгдүүлжээ, учир нь түүний амь насанд Венесуэлийн улс төрч халдахаар төлөвлөж байж магадгүй байгаа аж. Энэ тухай ням гарагт Америкийн Miami Herald сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, АНУ-ын хууль сахиулах байгууллагуудад Венесуэлийн эрх баригч Нэгдсэн социалист намын дэд дарга, Үндсэн хуулийн ассамблейн гишүүн Дьосдадо Кабельо “М.Рубиогийн амь насыг хөнөөх тушаал өгсөн” гэсэн мэдээлэл иржээ. Харин чухам хэнд ийм тушаал өгсөн нь тодорхойгүй байгаа аж. Сенатч М.Рубио нь Венесуэлийн эрх баригчдыг цөөнгүй шүүмжилдэг хүний нэг юм.

Дээрх мэдээлэл үнэн бодитой эсэх талаар АНУ-ын эрх баригчид эцсийн дүгнэлтээ гаргаагүй байгаа ба одоогийн байдлаар хууль тогтоогчид шууд заналхийлсэн зүйл байхгүй байгаа аж. Хэдий тийм ч урьдчилан сэргийлэх үүднээс хэдэн долоо хоногийн хугацаагаар Вашингтон, Майамид нэмэлт хамгаалалт тавьжээ. Тус сонинд мэдээлснээр, Д.Кабельо М.Рубио-гийн амь насыг хөнөөх зорилгоор Мексикийн нэг иргэнтэй холбоо тогтоосон байж магадгүй байгаа аж.

Вашингтон дахь Венесуэлийн элчин сайдын яам "Miami Herald" сонинд гарсан мэдээлэлд тайлбар хийхээс татгалзсан бол Сенатч өөрөө ч гэсэн энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийхээс татгалзсан байна.

М.Рубио өнгөрсөн онд Бүгд найрамдах нам дотроо АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших өрсөлдөөнд хэдэн сарын турш тэргүүлж байсан юм. Тэрбээр Флорид муж улсад анхдагч сонгуульд Дональд Трамп-д ялагдсаныхаа дараа 2016 оны 3 дугаар сарын 16-нд сонгуулийн өмнөх кампанит ажлаа зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.
О.Барс 

関連ニュース