Умард Солонгос Элчин сайд нараа дуудав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-14 12:49:03
СӨҮЛ. /Yonhap/. Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгож байгааг нь олон улсын хамтын нийгэмлэг эрс зэмлэн буруушааж, хатуу хориг арга хэмжээ аваад буйтай холбоотойгоор Умард Солонгос томоохон улс орнуудад суугаа Элчин сайд нараа дууджээ. Учир нь Пхеньян Элчин сайд нарын дунд уулзалт зохион байгуулах гэж байгаа бололтой.

Өмнөд Солонгосын засгийн газрын албаны хүн өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарынхаа дунд уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Пхеньян гол гол улс оронд суугаа Элчин сайд нараа дуудсан байна. Тухайлбал, Умард Солонгосоос Хятад улсад суугаа Элчин сайд Жи Жэ Рён, ОХУ-д суугаа Элчин сайд Жа Сон Нам болон НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Ким Хён Жүн нар дуудагдсан байна” гэв.

Гэхдээ уг уулзалтад хэр олон элчин сайд оролцох нь хараахан тодорхойгүй байна.

Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлж буй шахалт болон цаашид цөмийн болон пуужингийн туршилт хийх эсэх зэрэг асуудлыг уг уулзалтын үеэр хэлэлцэж магадгүй.
Г.Доржханд
関連ニュース