Австралийн Шадар сайд давхар иргэншлийн асуудлын улмаас огцорч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-14 14:07:09
СИДНЕЙ./TASS/. Австралийн Шадар сайд, Хөдөө аж ахуй, усны нөөц, Умард нутаг дэвсгэрийн хэрэг эрхэлсэн сайдын үүрэг гүйцэтгэгч Барнаби Жойс давхар иргэншилтэй болох нь илэрсэнтэй холбоотойгоор огцорч магадгүй болжээ. Тэрбээр даваа гарагт парламентад үг хэлэх үеэрээ Шинэ Зеландын эрх баригчдаас Б.Жойс нь тус улсын иргэн болохыг баталсан мэдэгдэл хүлээж авсан тухайгаа мэдээлжээ.

Австрали улс Үндсэн хуулиндаа давхар иргэншилтэй хүн холбооны парламентад сонгогдохыг хориглосон байдаг байна.

“Би энэ мэдээг аваад ихэд цочирдсон, учир нь би 1967 онд Австралид төрсөн, ээжийн талаараа би тав дахь үеийн австрали хүн юм. Миний аав Шинэ Зеландаас 1947 онд Австралид шилжиж ирсэн, тэр үед Британийн харьяат иргэн байсан. “Австралийн иргэн”, “Шинэ Зеландын иргэн” гэдэг үзэл баримтлал 1948 онд л анх эхлэж гарсан зүйл” хэмээн Австралийн Шадар сайд гайхан ярьжээ. Гэсэн хэдий ч Шинэ Зеландын хууль тогтоомжоор, Шинэ Зеландын уугуул эцэгтэй 1949-өөс 1978 оны хооронд төрсөн хүүхдүүд автоматаар Шинэ Зеландын “гаралтай иргэн” гэж тооцогддог байна.

7 дугаар сарын дундуур Шинэ Зеланд болон Канадад төрсөн Австралийн Сенатчид Скотт Ладлэм, Ларисса Уотерс нар дээрх орнуудын иргэншлээс гараагүйн улмаас дуулиантайгаар парламентын гишүүнээс огцорч байсан юм. Дараахан нь Байгалийн нөөц баялаг, Умард нутаг дэвсгэрийн хэрэг эрхэлсэн сайд Мэтт Канаван Италийн иргэншилтэй байсан нь тодорхой болсноор мөн огцорч байжээ. М.Канаван одоохондоо парламентдаа байгаа учир нь түүний ээж нь хэлэлгүйгээр Италийн иргэншил авахаар бүрдүүлэлт хийсэн байсан гэх нөхцөл байдлыг Дээд шүүх шийдвэртээ харгалзан үзнэ гэж найдаж байгаа аж.

Дээд шүүх “М.Канаваны хэргийг” авч хэлэлцэх хугацаанд түүний сайдын албан тушаалыг түр хугацаагаар Барнаби Жойсд шилжүүлсэн байгаа ба одоо Б.Жойсд мөн ийм ижил асуудал тулгарчээ. Даваа гарагт Б.Жойс уг хэрэг явдлыг хянуулахаар Дээд шүүхэд хандана гэж мэдэгджээ. Улс төрчийн хэлснээр, тэрбээр одоохондоо Шадар сайд, сайдын суудлаа өгөх бодолгүй байгаа аж.
О.Барс 
関連ニュース