Д.Трамп үндсэрхэг үзэлт цагаан арьстнуудыг зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-15 08:10:03
ВАШИНГТОН. /VOA/. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Виржини муж улсад хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийг буруушааж, шуурхай хариу арга хэмжээ авсангүй гэсэн шүүмжлэлд өртөөд байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан үндсэрхэг үзэлт цагаан арьстнуудыг эрс зэмлэн буруушаалаа.

Бямба гарагт Виржини муж улсын Чарлоттесвилл хотод үндсэрхэг үзэлт цагаан арьстнууд болон хэт барууны үзэлтнүүд уг жагсаалыг эсэргүүцэгчидтэй мөргөлдөж, 15 хүн гэмтэж бэртсэн юм.

Мөн уг жагсаалын үеэр цугласан олон хүн рүү нэгэн машинтай этгээд дайрч орж ирээд нэг эмэгтэйн аминд хүрч, 19 хүнийг бэртээсэн билээ.


Д.Трамп уг жагсаалтай холбогдуулан эхлээд мэдэгдэл хийх үеэрээ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай огт дурдалгүй “АНУ харгислал, үзэн ядалт, хүчирхийллийг тэвчихгүй” гэсэн юм.

Үндсэрхэг үзэлт цагаан арьстнууд болон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагчдыг шууд буруушаалгүй “бөөрөнхийлсөн” агуулгатай мэдэгдэл хийлээ гэж дээрх мэдэгдлийн дараа Д.Трампыг Америкийн ард иргэд төдийгүй Бүгд найрамдах нам болон Ардчилсан намыхан шүүмжилж байв.

Үүнтэй холбоотойгоор тэрбээр өчигдөр буюу даваа гарагт Цагаан ордонд мэдэгдэл хийж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг “жигшим хэрэг” гэж тодорхойлон хэлжээ.

Мөн тэрбээр үндсэрхэг үзэлт цагаан арьстнуудыг америкчуудын эрхэм бүхэнд “хор хөнөөл учруулагчид” гэж тодорхойлсон байна.
Г.Доржханд
 

関連ニュース