Иран улс цөмийн хэлэлцээрийг цуцална гэж сүрдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-16 10:21:23
ТЕГЕРАН. /IRNA/. Вашингтон Тегераны эсрэг шинээр хориг арга хэмжээ авбал дэлхийн зургаан гүрэнтэй байгуулсан хэлэлцээрээ цуцлах болно гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани анхаарууллаа.

Иран улс 2015 онд АНУ, ОХУ болон бусад дөрвөн улстай цөмийн хөтөлбөрөө хязгаарлах тухай хэлэлцээр байгуулсан ч “улс орноо хамгаалах” зорилгоор баллистик пуужингууд хийсээр байгаа юм.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Иран улс тив алгасах баллистик пуужингууд хийхийг оролдож байна” гэж үзэн Тегераны эсрэг дангаар хориг арга хэмжээ авахаар зэхэж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Х.Роухани өчигдөр парламентдаа үг хэлэх үеэрээ “Хэрвээ АНУ манай улсын эсрэг хориг арга хэмжээ авбал бид цөмийн хөтөлбөөрөө хэлэлцээр байгуулахаас өмнө байснаас ч илүү ахисан шатанд гаргаж, илүү боловсронгуй болгоно” гэжээ.

Тавдугаар сард болсон сонгуулиар улиран сонгогдож, энэ сарын эхээр тангараг өргөсөн Х.Роухани нь асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлэлцээ хийх замаар аядуу зөөлнөөр шийдвэрлэх бодлого баримталсаар байгаа юм.

Гэхдээ Ираны парламент пуужин хөгжүүлэхэд зориулан мөнгө нэмж төсөвлөснөөс үзэхэд тус улсад Д.Трампын эсрэг хандлага газар авч байна гэж шинжээчид үзэж байна.
 
Г.Доржханд

関連ニュース