Д.Трамп: Ким Жөн Ун ухаалаг шийдвэр гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-17 09:40:43
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын эзэмшлийн Гуам аралын ойролцоох ус руу баллистик пуужингууд харвах төлөвлөгөөгөө эргэн харахаар болсон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг “ухаалаг шийдвэр гаргалаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сайшаалаа.

Гуам руу пуужин харвах эсэхээ АНУ-ын үг үйлдлийг хэсэг хугацаанд ажиглаж байж шийднэ гэж удирдагч Ким Жөн Ун хэлсэн гэж Солонгосын төв мэдээний агентлаг мягмар гарагт мэдээлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Д.Трамп лхагва гараг “Твиттер”-т “Умард Солонгосын Ким Жөн Ун маш ухаалаг, зөв шийдвэр гаргасан байна” гэж жиргэжээ.

Чили улсад айлчилж буй АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс мөн өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос нөхцөл байдлыг намжаах хүсэлтэй буйгаа нотлон харуулахын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гээд “Пхеньян цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл манай улс Умард Солонгост эдийн засгийн болон дипломат шахалт үзүүлсээр байх болно” гэжээ.

Ирэх долоо хоногийн даваа гарагаас Өмнөд Солонгост АНУ ба Өмнөд Солонгосын цэргүүд хамтарсан сургуулилт хийж эхэлнэ. Уг сургуулилтыг Умард Солонгос эрс эсэргүүцэх нь ойлгомжтой бөгөөд жаахан намжиж байсан нөхцөл байдал дахиад хурцдаж болзошгүй гэж ажиглагчид хэллээ.
 
Г.Доржханд
関連ニュース