Пхеньянтай холбоотой асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг НҮБ уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-17 13:18:03
НЬЮ-ЙОРК. /Reuters/. Умард Солонгостой холбоотой асуудалд сэтгэл түгшиж байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш илэрхийллээ.

А.Гуттериш лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “Солонгосын хойгийн нөхцөл байдал сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд байгаагүйгээр хурцдаад байна” гээд, нөхцөл байдлыг 60 гаруй жилийн өмнө болсон Солонгосын дайны үеийнхтэй харьцуулжээ.

Үл ойлголцол байдлыг улам дордуулна гэж НҮБ-ын тэргүүн анхааруулахын сацуу үг үйлдлээ цэгнэн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мөн өчигдөр мэдэгдэл хийхдээ “Асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг ОХУ баримталсан хэвээр байна. Пхеньянд эдийн засгийн шахалт үзүүлснээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй” гэжээ.

Мөн ирэх долоо хоногийн даваа гарагт эхлэхээр төлөвлөж буй 11 өдрийн хамтарсан цэргийн сургуулилтаа цуцална уу гэсэн ОХУ болон Хятад улсын хүсэлтийг хүлээж авахыг АНУ ба Өмнөд Солонгост С.Лавров уриаллаа.
Г.Доржханд
関連ニュース