Испанийн Каталони муж тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-08 11:15:57
МАДРИД. /ВВС/. Тусгаар тогтнох асуудлаар ирэх сард бүх нийтийн санал асуулга явуулах тухай Каталонийн парламентын баталсан хуулийг Испанийн Үндсэн хуулийн шүүх түдгэлзүүлжээ.

Каталони мужийн парламентын баталсан энэ хууль нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэхийг хэлэлцэнэ гэж Испанийн холбогдох албаны хүмүүс хэлэв.

Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргасан хэдий ч тусгаар тогтнох асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг төлөвлөсний дагуу 10 дугаар сарын 1-нд явуулна гэж Каталонийн удирдагчид мэдэгдлээ.

Ерөнхий Мариано Ражой пүрэв гарагийн орой мэдэгдэл хийхдээ “Каталони муж хууль бусаар санал асуулга явуулах гэж байгааг эсэргүүцэн бид шүүхэд давж заалдсан" гээд, Каталонийн парламентын баталсан хуулийг “дуулгаваргүй байдлын тэвчишгүй илэрхийлэл” гэж тодорхойлжээ.

Испанийн зүүн хойд нутагт орших энэ чинээлэг муж нь өөртөө засах эрхтэй юм.

Үндсэн хуулийн шүүх бүх нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаснаас хэдхэн цагийн дараа “тусгаар тогтнохыг оршин суугчдын олонх дэмжсэн тохиолдолд шилжилтийн үеийг зарлах эрхзүйн орчинг бүрдүүлэх” тухай хуулийн төслийг Каталонийн парламент баталсан байна.
Г.Доржханд

 
関連ニュース