Балтийн орнуудыг “хуучин Зөвлөлтийн орнууд гэж нэрлэхгүй” байхыг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-11 08:36:49
РИГА./TASS/. Балтийн орнууд Францын “Le Monde” сонинд хандан дээрх орнуудыг “хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсууд” гэж бичихгүй байхыг хүсчээ. Энэ тухай Латви, Литв, Эстони улсын элчин сайд нар тус сонины редакцын захирал Люк Броннерт хандан бичсэн албан бичигт дурджээ.

“Уг албан бичгийг өгөх болсны цаад шалтгаан нь 9 дүгээр сарын 3-нд “Le Monde” сонинд нийтлэгдсэн "Оросын зүгээс учруулж буй гибрид аюулын эсрэг тэмцэх" тухай өгүүлэлд Балтийн орнуудыг “хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсууд” гэж нэрлэн бичсэн явдал байсан” гэж Франц улсад суух Латвийн элчин сайдын яамны мэдээлэлд өгүүлжээ.

Балтийн орнуудын элчин сайд нар албан бичигтээ тус бүс нутагт “Le Monde” анхаарал хандуулж байгааг талархан хүлээж авч байгаа ч харин “хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд” гэсэн томьёоллыг хэрэглэхгүй байхыг уриалжээ. Элчин сайд нар Балтийн түүхийн бодит үнэн болох “хууль бусаар эзлэн түрэмгийлж, Балтийн улсуудыг 1940 онд ЗХУ-д хүчээр хавсарган нэгтгэсэн явдлыг дэлхийн ихэнх орнууд, түүний дотор Франц улс хууль бус явдал гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй юм” гэдгийг онцлон дурджээ.

ЗХУ Балтийн орнуудыг өөртөө хүчээр хавсарган нэгтгэсэн гэж дээрх орнууд үздэг ба Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсны тухайд Балтийн орнууд “эзлэн түрэмгийлэгдсэн” гэдэг нэр томьёог ашигладаг байна. 2015 онд дээрх гурван орны Хууль зүйн сайд нар “Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн” хохирлын тооллогыг эцсийн байдлаар явуулж, Оросоос зохих нөхөн төлбөрийг шаардах тухай тунхаглалд хүртэл гарын үсэг зурж байжээ.
О.Барс 


 

関連ニュース