Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах эсэх өнөөдөр шийдэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-11 12:24:46
НЬЮ-ЙОРК. /Киодо/. Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар оруулах гэж байгаатай холбоотойгоор АНУ Хятад болон Оростой хаалттай хэлэлцээ хийж байна гэж Японы мэдээллийн “Киодо” агентлаг мэдээллээ.

АНУ өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнуудад уг тогтоолын төслийг танилцуулжээ. Энэ сарын 6-ны өдөр зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, тухайлбал тус улсад нефть нийлүүлэхийг хориглох тухай уг тогтоолын төсөлд тусгажээ. Япон улс энэ тогтоолын төслийг батлахыг дэмжиж байгаа аж.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өнөөдрийн санал хураалтаар уг тогтоолын төслийг батална гэж АНУ найдаж байна. Гэхдээ ОХУ болон БНХАУ Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухайд болгоомжтой хандаж байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улсуудын өргөн барьсан тогтоолын төслийг тус зөвлөлийнхөн нийтээрээ авч хэлэлцдэг юм.

НҮБ-ын дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын боловсруулсан тогтоолын төслийг өнөөдөр батлах эсэх нь Хятад улсаас хамаарах аж. Хятад улс бол Умард Солонгостой хиллэдэг бөгөөд тус улсын худалдааны хамгийн том түнш билээ.

Пхеньян өнөө өглөө төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ АНУ-д анхааруулга өгсөн агуулга бүхий мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд “Хэрвээ АНУ хууль бусаар БНАСАУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахуулбал бид Вашингтонд горыг нь  амсуулах болно” гэжээ.
Г.Доржханд
 
 
 

関連ニュース