“Увсад үйлдвэрлэв” цэг гурван газарт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-13 19:37:37
 Увс /МОНЦАМЭ/. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улаангом сумын Хүүхдийн ертөнц төвд “Увсад үйлдвэрлэв” борлуулалтын цэг ажиллаж, 35 орчим иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөр төлөхгүйгээр зарж борлуулдаг байсан юм.

Эдгээр иргэдийн хувьд цаашид бие даан бизнесээ өргөжүүлэх цаг нь болсон гэж үзсэнээр уг төв хаалгаа барьсан. Тэгвэл энэ жил 106 иргэн уг төсөлд хамрагдсан байна. Ингэснээр “Увсад борлуулав” борлуулалтын цэгийг аймгийн төвд гурван газарт нээж ажиллуулахаар болжээ. Тухайлбал, “Тобу” төв, “Дэглий цагаан” олон улсын нисэх буудал болон аймгийн төв талбайд байрлах Аялал жуулчлалын мэдээллийн төвд тус тус ажиллуулахаар болсон байна.

“Увсад үйлдвэрлэв” цэг нь Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ зах зээлд нийлүүлэх зэрэг ач холбогдолтойгоос гадна иргэд Увсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломж бүрдүүлэх юм. Энэ жилийн тухайд төсөлд хамрагдсан 106 иргэнээ дэмжихээс гадна төсөлд хамрагдаагүй, түрээсийн төлбөр төлөх чадваргүй үйлдвэрлэл эрхлэгчдээ мөн хамруулах тал дээр анхаарч ажиллана” хэмээн аймгийн ХХҮГ-ын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гантөмөр мэдээллээ.
Б.Батхүү
関連ニュース