АНУ-ын Засаг захиргаа Палестинчуудад тусламж үзүүлэхийг зогсоох тухай хуулийн төслийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-15 12:58:06
ВАШИНГТОН./ТАСС/. Израильчууд руу халдсанд буруутай иргэдийн гэр бүлд мөнгөн олговор олгодог явдлаас Палестины эрх баригчдыг татгалзуулах зорилгоор АНУ-аас Палестинд үзүүлж буй тусламжийг зогсоох тухай Америкийн Конгрессийн боловсруулсан хуулийн төслийг Америкийн Засаг захиргаа дэмжиж байгаа ажээ. Энэ тухай пүрэв гарагт АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч ТАСС-ын сурвалжлагчид мэдээлжээ.

“Палестины үндэсний засаг захиргаа, Палестиныг чөлөөлөх байгууллагаас явуулж буй террористууд болон тэдний гэр бүлд мөнгөн олговор олгодог бодлогын үр дагавар болох “Тейлор Форсын нэрэмжит акт” гэж нэрлэгддэг баримт бичгийг Д.Трампын Засаг захиргаа сайшаан дэмжиж байгаа. Израиль, Америкийн иргэдийн эсрэг хүчирхийллийг өөгшүүлж буй дээрх хөтөлбөрийн бүх хэсгийг нь зогсоох шаардлагатай байгаа тухай асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ оны 5 дугаар сард Вашингтонд болон Палестины Вифлеем хотод Ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзахдаа тавьж байсан болно” хэмээн Төрийн департаментын ажилтан мэдэгджээ.

АНУ-ын Гүйцэтгэх засаглал дээр дурдсан хуулийн төслийн явцыг “анхааралтай ажиглаж байгаа” ба уг хуулийн төслийг сайжруулан боловсруулах, улмаар батлуулах тал дээр Конгресстой хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээр уг хуулийн төслийг Конгрессийн Төлөөлөгчдийн танхим мөн Сенатын олонхи дэмжиж байгаа ажээ. Дээрх хуулийн төслийг Америкийн Конгрессийн хоёр танхим хоёулаа дэмжин баталж улмаар Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан тохиолдолд палестинчууд тусламжийн төрөл бүрийн хөтөлбөрүүдэд зориулан Вашингтоноос жил бүр гаргаж өгдөг 400 сая долларыг авч чадахгүйд хүрэх юм. 2016 онд Израиль улсад Палестины хэт даврагч этгээдийн гарт амиа алдсан Америкийн иргэний нэрээр нэрэлсэн дээрх хуулийн төслийн үйлчлэлээс зөвхөн хүмүүнлэгийн тусламжийн зарим төрлийг л хасч магадгүй байгаа аж.
О.Барс  
 

関連ニュース