Ө.Бат-Орших гарьдын цолны мялаалга наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-15 16:32:05
 Увс /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын Хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмаар урамтай сайхан барилдаж Монгол Улсын гарьд цол хүртсэн Өлзийтогтохын Бат-Оршихын цолны мялаалга наадам түүний төрсөн нутаг Увс аймгийн Улаангом хотод өчигдөр болж өндөрлөлөө.

Энэ үеэр Монгол Улсын гарьд Ө.Бат-Оршиход Увс аймгийн ИТХ, ЗДТГ болон Улаангом сумын ИТХ, ЗДТГ-аас хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн азарга, их нас, дааганы уралдаан болсноос гадна хүчит 128 бөхийн барилдлаа. Энэхүү барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт Хүчний 350-р анги, ТЭЦ-4 ТӨХК, "Гачуурт" групп, Увс нуур дэвжээний бөх Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо, Мөнхийн Үсэг групп, "Ист Даймонд дрилинг" ХХК, Их богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Золбоо үзүүрлэсэн юм. Харин их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, "Хемон констракшн", ТЭЦ-3 ТӨХК, Сүхбаатар аймгийн онцгой байдлын газар, Увс нуур дэвжээний бөх Монгол Улсын арслан Н.Батсуурь, Увс аймгийн Тэс сумын харьяат, Сүлд спорт хороо, БХИС "Кореа Оптик Монголиа ХХК”, Увс нуур дэвжээний бөх, Монгол Улсын харцага Т.Баасанхүү нар тус тус шалгарлаа.
Б.Батхүү
関連ニュース