Каталони мужийн захирагч Испанийн хааныг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-05 10:52:39
БАРСЕЛОНА. /Би-Би-Си/. Каталонийн хэдэн сая иргэнийг “санаатайгаар үл ойшоож байна” гэж Испанийн хаан VI Фелипийг Каталони мужийн захирагч Карлес Пьигдемон шүүмжилжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Испанийн Засгийн газрын байр суурийг дэмжиж байна гэж хааныгаа К.Пьигдемон өчигдөр телевизээр уг хэлэх үеэрээ буруушаасан байна. Түүний хэлснээр, өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Испаниас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан Каталони муж нь ирэх долоо хоногт тусгаар тогтнолоо тунхаглах бололтой.

Хаан Фелипе мягмар гарагийн орой телевизээр үг хэлэхдээ “Каталонид бүх нийтийн санал асуулга явуулсан нь хууль бус үйлдэл бөгөөд ардчиллыг уландаа гишгэсэн хэрэг” гэжээ.


  /Каталонийн захирагч К.Пьигдемон, Испанийн хаан VI Фелипе/

Түүний энэ мэдэгдэлтэй холбогдуулан Каталонийн захирагч К.Пьигдемон “Испанийн Үндсэн хуульд заасан эв нэгдлийг бэхжүүлэх үүргээ хаан биелүүлж чадахгүй байна. Хаан Фелипе Каталонийн хэдэн сая иргэний сонголтыг хүндэтгэхгүй байна” гэжээ.

Каталонийн СЕХ-ны мэдэгдсэнээр, Каталонийн бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 90 хувь нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжсэн бөгөөд сонгогчдын ирц 42 хувьтай гарчээ.

Испанийн хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Каталонид "Авч байгаагаасаа илүү их мөнгийг Мадридад буюу Испанийн төв засгийн газарт өгч байна" гэх яриа тархах болсон нь тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад хүргэсэн байна.
Г.Доржханд
関連ニュース